2023/06/08

Гурван өгүүлбэрээр

  1. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ V сарын эцсийн байдлаар 3.9 тэрбум ам.долларт хүрч, өсөлтөө хадгалав.

  2. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2026 онд дуусахаар байгаа ч зардал нь анх тооцоолсноос 32 хувиар өсжээ.

  3. Нүүрсний хувьд нөхцөл байдал эгзэгтэй байгаа үед төсвийн орлогын өөдрөг төсөөлөл нь улам өндөр алдагдалд хөтлөх вий...

Нүүрс “сюрприз” барих вий…

Tөсвийн орлогын хэт өөдрөг төсөөлөл нь алдагдалд хөтөлж буйг тоо баримтууд харуулж байна.

Төсөв тодотгож, зардлаа нэмэхээр яригдаж байгаа энэ үед түүхий эдийн зах зээлийн төлөв тааруу, ялангуяа нүүрсний хувьд нөхцөл байдал эгзэгтэй байгааг эдийн засагч сануулж буй. Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.

Гадаад худалдаа, ГВАН

Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ тавдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 896 сая ам.долларт хүрснийг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 5.57 хувиар, оны эхнээс 14.63 хувиар нэмэгдсэн дүн болж байна. Оны эхний хоёр улиралд нүүрсний экспортын орлого үргэлжлэн нэмэгдэж, Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын валютыг Төвбанк худалдан авахаар болсон зэрэг нь валютын нөөцөд тодорхой дэмжлэг болсныг Монголбанк онцолсон юм.

Тэгвэл гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний таван сарын байдлаар 9.76 тэрбум ам.долларт хүрч өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь сүүлийн гурван жилд буюу цар тахал эхэлснээс хойших ижил хугацааны хамгийн өндөр дүнд тооцогдож байна.

Байр суурь

“Fitch-ийн зүгээс Монгол Улсын инфляц оргилдоо хүрсэн, цаашид тогтворжино гэж харж байгаа. Энэ онд дунджаар 12 хувь байна гэж тооцоолсон. Мэдээж бодлогын хүүг өсгөх цикл эерэг нөлөө үзүүлсэн ч эсрэг нөлөө бас бий. Tөсвийн нөхцөл байдлыг үнэлэхэд Засгийн газрын төсвийн тэлэх бодлого бага хэмжээнд үргэлжилсэн хэвээр байгаа гэж харагдсан. Хүүхдийн мөнгө хөтөлбөр, тэтгэврийн нэмэгдэл зэрэг нь хэрэглэгчдийн зарцуулалтыг дэмжсэн хэвээр байна” хэмээн “Fitch Ratings” компанийн Крисжанис Крустинс “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүлэв.

Нефтийн үйлдвэрийн сорилт

Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг 2026 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг тус төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээллээ. Гэхдээ үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлын зардал анхны тооцооноос 32 хувиар өсөж 1 тэрбум 658.9 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь сорилт болжээ. Учир нь инженерчлэлийн ажил эхэлснээс хойш гарсан техникийн өөрчлөлтүүд голлон нөлөөлснөөр нэмэлтээр 400 орчим сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон байна.

“Хармагтай”-н ахиц

“Xanadu Mines” компани Монгол дахь зэс, алтны “Хармагтай” болон "White Hill" төслийн хүрээнд 30 мянган метрийн алмазан өрөмдлөг гүйцэтгэхээс 15 мянган метрийг өрөмдсөнөө мэдээллээ. Нийт 31 цооног өрөмдсөнөөс хэд хэдэн цооног 2021 оны ашигт малтмалын нөөцийн тооцооллоос өндөр агуулгатай байсан аж. Мөн хайгуулын явцад өндөр агуулга бүхий шинэ бүсүүд илрүүлсэн тул 2021 оны "MRE" буюу нөөцийн тооцооллоо нэмэгдүүлэх боломжтой байгааг дурджээ. “Хармагтай” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад болон хайгуулын ажилд тус компани 35 сая ам.долларын санхүүжилт татсан бөгөөд 2024 оны санхүүгийн жилийн IV улиралд олборлолт хийх зорилготой байгаа юм.

GS25 санхүүжилт босгов

“GS25” сүлжээ дэлгүүрийг эзэмшигч "Дижитал Концепт" компани Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай 18 сая ам.долларын урт хугацаат зээлийн санхүүжилтийн гэрээ байгууллаа. Ингэснээр жижиглэн худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын өсөлтөд чухал хувь нэмэр оруулахын сацуу жижиглэн худалдаа эрхлэгч хувь хүмүүс болон жижиг, дунд бизнесүүд “GS25”-ийн франчайзыг эзэмших боломжтой болох аж. Түүнчлэн энэхүү санхүүжилтийн үр дүнд 1500 гаруй ажлын байр нэмэгдэж, 400 гаруй бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжинэ гэж компани мэдээллээ.

Хамгийн үнэтэй хотууд

Гадаадын иргэн ажиллаж амьдрахад хамгийн өндөр өртөгтэй дэлхийн хотуудын жагсаалтад энэ онд Нью-Йорк хот Хонгконгийг гүйцэн нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Инфляцын өсөлт ба орон сууцны өндөр үнэ нь Нью-Йорк экспатуудад хамгийн үнэтэй хотоор нэрлэгдэхэд голлон нөлөөлсөн бол өнгөрсөн онд 13 дугаарт бичигдэж байсан Сингапурт түрээсийн орон сууцны үнэ тэнгэрт хадсаны нөлөөгөөр анх удаа эхний тав руу орж иржээ. Харин инфляцын өсөлт нь 80 хувь даваад байгаа Истанбул 95 байр өгсөж 108 дугаарт бичигдсэнээр энэ онд хамгийн олон байр ахисан хот болсон байна.

Тааруу үзүүлэлт

Тавдугаар сард БНХАУ-ын экспорт сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа буурсан нь дэлхий даяар эрэлт суларч байгаа энэ үед хоёр дахь том эдийн засагтай тус улсад учрах эрсдэлийг улам нэмэгдүүллээ. Тодруулбал Хятадын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар буурсан нь 1.8 хувиар буурна гэсэн шинжээчдийн медиан төсөөллөөс хамаагүй өндөр дүн болжээ. БНХАУ ковидыг Үл тэвчих бодлогоо цуцалсны дараа эдийн засаг нь энэ оны эхэн үед эрчимтэй эргэн сэргэж байсан ч сүүлийн саруудын тайлан мэдээллээс харвал сэргэлтийн эрч нь тасралтгүй саарсаар байна.

Месси сонголтоо хийлээ

Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси жилийн 400 сая ам.долларын цалин санал болгосон Саудын Арабын гэрээний саналаас татгалзаж, АНУ-ын MLS лигийн “Интер Майами” клубт нэгдэхээр болсныг BBC мэдээллээ. Мөн үүнтэй холбогдуулан түүнд “Adidas”, “Apple” компаниудаас ашиг хуваах гэрээний санал ирээд байгаа аж. Месси ийнхүү АНУ-ыг сонгосон нь дэлхийн спортын зах зээлд ноёрхох Саудын Арабын амбицад том цохилт болох бол нөгөө талд MLS лигт, мөн Дэвид Бекхэм, Хорхэ Мас тэргүүтнээс бүрдсэн “Интер Майами”-ийн эзэмшигчдэд өсөлтийн томоохон боломжийг авчирч байна.

Volvo-ийн шинэ хүлэг

Шведийн авто үйлдвэрлэгч “Volvo” компани овор хэмжээ багатай, хямд үнэтэй, SUV ангиллын бүрэн цахилгаан хөдөлгүүрт EX30 загвараа Миланд танилцууллаа. Хоёр хувилбартай гарч буй шинэ загварын үнэ 34,950 ам.доллароос эхэлж байгаа нь уламжлалт хөдөлгүүртэй, хурд, хүчээр ойролцоо автомашинуудаас төдийлөн хол зөрүүгүй байгаа юм. EX30-ийн дан хөтлөгчтэй хувилбар нь 100 км/цагийн хурдыг 5.1 секундэд авах чадалтай, нэг бүтэн цэнэглэлтээр 445 км зайг туулах цэнэг хураагуурын багтаамжтай. Хятадын “Geely” компанийн эзэмшдэг “Volvo” 2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин борлуулдаг болох зорилт тавиад байгаа юм.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНХАУ-ын "BYD" дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн ноён оргил руу хурдалж байна

  • 2023 онд Европт €100 саяас бага үнэтэй үл хөдлөх хөрөнгө эрэлттэй байхаар байна

Онцлох чарт