2023/06/07

Гурван өгүүлбэрээр

  1. “Kincora Copper” компани Монголд эзэмшиж буй лиценз болон бусад хөрөнгөдөө стратегийн үнэлгээ хийнэ.

  2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай ярилцаж, VII сард болох Монголын эдийн засгийн форумд оролцохыг урьжээ.

  3. Bloomberg Intelligence: 2032 он гэхэд генератив хиймэл оюуны зах зээл 1.3 их наяд ам.доллароор хэмжигдэнэ.

Хиймэл оюун = $1.3 их наяд

"ChatGPT", "Google Bard" зэрэг хэрэглэгчдэд чиглэсэн хиймэл оюунт хэрэглүүрүүд нь арваад жил үргэлжлэх тэсрэлттэй өсөлтийн цөм болж, улмаар 2032 он гэхэд генератив хиймэл оюуны зах зээлийн орлого 1.3 их наяд ам.долларт хүрэх тооцоотой байна. Өнгөрсөн онд 40 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан уг салбар ирэх 10 жилийн хугацаанд 42 хувиар тэлэхэд эхэндээ хиймэл оюунт системийг сургахад шаардлагатай дэд бүтцийн эрэлт, дараагаар нь хиймэл оюуны моделиудыг ашигладаг төхөөрөмжүүд, зар сурталчилгаа болон бусад үйлчилгээнүүд голлон нөлөөлөх төлөвтэй гэж "Bloomberg Intelligence" үзжээ.

"Дараагийн 10 жилд генератив хиймэл оюуны өсөлт тэсрэлт хийж, технологийн салбарын үйл ажиллагааг ул сууриар нь өөрчлөхийг дэлхий нийтээрээ харах болно. Энэхүү технологи нь хөгжлийн явцдаа IT салбарын зарцуулалт, зар сурталчилгааны зарцуулалт, кибер аюулгүй байдлын нэн чухал хэсэг болохоор байна" хэмээн шинжээчдийн багийн ахлагч Мандип Сингх онцолжээ.

"Bloomberg Intelligence"-ийн тооцоолсноор хиймэл оюуны орлогын өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюунт моделиудыг сургах дэд бүтцийн эрэлт байх бөгөөд 2032 он гэхэд энэ чиглэл 247 тэрбум ам.доллароор үнэлэгдэх аж. Харин хиймэл оюуны туслалцаа бүхий дижитал зар сурталчилгааны бизнесийн жилийн орлого 192 тэрбум ам.долларт, хиймэл оюунт серверүүдийн орлого 134 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байна.

Энэ цагийн технологийн хувьсгал хийж буй генератив хиймэл оюуны авчрах боломж ба эрсдэлүүд, энэ талаар эрдэмтэн судлаачдын байр суурийг багтаасан "Хиймэл оюун" тусгай хөтөлбөрийг бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.

Илон Маскийг урив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Tesla”, “SpaceX” компанийн Гүйцэтгэх захирал Илон Масктай цахилгаан автомашины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх талаар ярилцжээ. Уулзалтын явцад Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийлсний зэрэгцээ тус компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх талаар хүсэлт тавьсан байна.

Мөн түүнийг долоодугаар сард Улаанбаатар хотод болох Монголын эдийн засгийн форумд оролцохыг урьжээ. Харин Илон Маск Монголд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байхаа онцолсны сацуу боломжтой цагтаа Монголд зочлохоо мэдэгдсэн аж.

Kincora-ийн үнэлгээ

Зэс, алтны “Хүрэл үнэг" төсөл хэрэгжүүлдэг, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Монголд эзэмшиж буй лиценз болон бусад хөрөнгөдөө стратегийн үнэлгээ хийхээр боллоо. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг өсгөх зорилготой байгаа гэж тус компани мэдэгдсэн байна. Стратеги үнэлгээний хүрээнд боломжит хамтын ажиллагаа, санхүүжилт болон бусад хөрөнгийн идэвхжүүлэлт зэргийг судлах юм байна. Мөн сүүлийн хугацаанд “Kincora Copper”-ийн Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг сонирхох сонирхол нэмэгдсэн талаар компани дурджээ.

“ЕвроЧам” юу гэв?

Бизнесүүдэд тулгарч буй гол асуудлууд нь мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, шүүхийн тогтолцоо, Төрийн албаны хүнд суртал, татварын дарамт зэрэг байгааг “EuroChamber Mongolia” анхны “Худалдаа, хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл"-дээ онцолжээ. Шүүхээр хэрэг шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жил шаардагддаг, хөрөнгө оруулагчдын гомдлын 10 хувь шийдэгддэг гэж Эдийн засаг, Хөгжлийн яам мэдээлж байв. Шийдвэрлэлт удаанаас гадна шударга шийдэгддэггүй, авлига, танил тал, дээд албан тушаалтны нөлөө зэрэг саад учруулдаг гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Өрөмдлөгийн ахиц

Монголд метан хийн хайгуул хийж байгаа “Jade Gas Holdings” компани хайгуулын явцаасаа мэдээллээ. Сүүлийн байдлаар хийсэн өрөмдлөгийн үр дүнд “Red Lake-10” цооног ус нэвчилт хамгийн сайн байсан талаар мэдэгджээ. Өөрөөр хэлбэл энэхүү цооног дундуур ус, байгалийн хий эсвэл газрын тос урсах боломж өнөөг хүртэл бүртгэгдсэн үзүүлэлтүүд дундаас хамгийн сайн нь байсан байна. Үүнээс гадна “Jade Gas Holdings” компани “Red Lake-13” цооногоос 15 метрийн зузаантай хийтэй нүүрс, “Red Lake-14” цооногоос 55 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээлсэн юм.

655 саяын санхүүжилт

Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад хуваарилж болох 655 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулсан талаар Сангийн сайд танилцууллаа. Уг хөтөлбөрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар батлахыг дэмжсэн байна.

Хоёр талын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр:

  • Төсвийн дэмжлэгийн хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд 200 орчим сая ам.доллар,

  • Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар,

  • Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар,

  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.долларыг тус тус зарцуулахаар боловсруулжээ.

Хятад мөрөөдөл

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани олон улсад гэрлийн хурдаар тэлж байгаа нь өрсөлдөгч “Tesla”-г “нэг юм бодох”-оос өөр аргагүй байдалд оруулж байна. Шэньжэньд төвтэй, тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway”-ийн хөрөнгө оруулалттай тус компани Volkswagen-ийн байр суурийг булааж улсынхаа хамгийн өндөр борлуулалттай авто брэнд болсны зэрэгцээ өдгөө дэлхийн 53 улс, бүс нутагт автомашинаа худалдаалж эхэлжээ. Түүгээр зогсохгүй Бразил, Колумби, Израил, Тайланд улсуудад хорт хийн ялгаруулалт багатай автомашины тэргүүлэх үйлдвэрлэгч болсон аж. BYD-ийн энэхүү амжилтын түүх Ерөнхийлөгч Ши Жиньпиний тодорхойлсон “хятад мөрөөдөл”-ийн бодит жишээ болж байна.

Coinbase-ийн ээлж

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо даваа гарагт “Binance” крипто биржийг үнэт цаас арилжааны дүрмийг зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байсан бол өчигдөр “Coinbase”-ийг мөн төстэй үндэслэлээр буруутгажээ. Тус компани хууль бус үйл арилжаа явуулсны улмаас виртуал хөрөнгийн зах зээлд болон АНУ-ын иргэд арилжаа хийхэд хүндрэлтэй болгосон, мөн бүртгэлгүй крипто токены арилжааг зөвшөөрөх замаар олон жилийн турш зохицуулагч байгууллагын хяналтаас зайлсхийсэн гэж Үнэт цаас, биржийн хороо Манхэттэний шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ.

Хатуу үе ба Харвардын MBA?

АНУ-даа хамгийн нэр хүндтэйд тооцогддог Харвардын Их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан хүмүүс карьерын хувьд эдийн засгийн уналтын үед ч аюулгүй байж чаддаг уу? Яг таг батлагдаагүй ч ерөнхийдөө ортойд тооцогддог энэ түгээмэл ойлголт өдгөө сорилттой тулгараад байна. Харвардын 2023 оны бизнес удирдлагын магистрын хөтөлбөрийн 984 төгсөгчийн тал хувь нь ажлаа олоогүй байгаа нь эргэлзэхээс өөр аргагүй байдалд оруулж байна. "Ерөнхийдөө жилийн энэ үед буюу төгсөхөөс хэдэн долоо хоногийн өмнө энэ хөтөлбөрийн оюутнуудын 10 хүрэхгүй хувь нь л ажил хайж байдаг. Харин өнөөдөр энэ тоо 30 гаруй хувьтай байна" гэж тус сургуулийн ахлах багш, "Flybridge Capital" венчур фирмийн хамтрагч Жеффри Буссганг өгүүлжээ.

Мөнгө цохисон эвлэрэл

Гольфийн хамгийн нэр хүндтэй хоёр холбоо болох “PGA Tour” болон Саудын Арабын хөрөнгө оруулалттай “LIV Golf” нэгдэн нийлэх гэнэтийн шийдвэр гаргаж, хоорондын ширүүн маргаанаа эцэслэсэн нь спортын ертөнцөд Ойрх Дорнодын мөнгөний нөлөө хэрхэн нэмэгдэж байгааг харууллаа. Түүхт “PGA Tour”-ийн шилдэг тоглогчдыг урвуулахын тулд “LIV Golf” мөнгийг харамгүй цацсан нь олон тэрбум долларын дэнчин бүхий хуулийн маргаан эхлүүлсэн юм. Харин энэхүү нэгдэн нийлэх хэлцэл нь Саудын Арабын хувьд томоохон ялалт болж байна. Тус улсын Үндэсний баялгийн сангийн ТУЗ-ийн дарга, гольфийн хорхойтон Ясир Аль-Румайяан хэлцлийг зуучилжээ.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • Европт нарны эрчим хүч үйлдвэрлэл нүүрсний эрчим хүчийг анх удаа давлаа. Гэвч үүнд нэг гажуудал байна…

  • БНСУ-ын агаарын тээврийн компаниудаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо V сард 24 хувиар өсөв

  • Кристин Лагард: Үнийн өсөлт өндөр хэвээр байгаа тул бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөнө

Онцлох чарт