- Business newsletter
- Posts
- 2023/06/06
2023/06/06
Гурван өгүүлбэрээр
Инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарлаа.
XacБанк ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 117 хувийн биелэлттэй хаагдлаа.
"Apple" удаан хүлээлгэсэн "mixed-reality" төхөөрөмжөө танилцууллаа.
Инфляц 11.3%
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.3 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Өсөлтийн 5.2 нэгж хувь буюу 46.0 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөc, 38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
"БНХАУ-тай хийх худалдаа бүрэн тогтворжиж, дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ буурах нь инфляц саарахад нөлөөлснөөр Монгол Улсын инфляцын дундаж түвшин 2023 оны туршид 12 орчим хувьд хадгалагдаж, 2024 оноос 9 хувьд тогтворжино" гэж “Fitch Ratings” таамаглаад байгаа юм.
Байр суурь
“Монголд инфляц хоёр оронтой тоонд хэвээр байгаа нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Гэхдээ Монголын өмнөх хэрэглээний үнийн үзүүлэлтүүдийг харвал энэ нь гайхмаар зүйл биш. Хэрэглээний сагс үргэлж л хүнс, өргөн хэрэглээний бараан дээр төвлөрсөөр ирсэн. Энэ утгаараа импортын дүн өсөж, төгрөгийн ханш сулармагц инфляцын дарамт ихээр мэдрэгдэж эхэлдэг. Тэгэхээр инфляцын дарамтыг багасгахын тулд төгрөгийн ханш чангарч, импортын дүн буурах хэрэгтэй. Үүнд тодорхой хугацаа орно. Эдийн засагт дэд бүтцийн төслүүд, эрэлттэй холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байгаа учир Монголд энэ ондоо инфляцын дарамт өндөр байна гэж таамаглаж байна” хэмээн “S&P Global”-ийн Олон улсын санхүүгийн үнэлгээ хариуцсан захирал Йефарн Фуа “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
117 хувийн биелэлт
XacБанк ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 117 хувийн биелэлттэй хаагдлаа. Нийт 12,247 захиалагчаас 41.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал иржээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр тус банк үйл ажиллагаагаа өргөжүүлж, зээлийн болон санхүүгийн түрээсийн багцын өсөлтийг хангахад зарцуулахаа мэдээлсэн. Системд нөлөө бүхий банкнуудын IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давахад гол түлхэц болсон юм. Хасбанкны хоёрдогч захын арилжааг ажлын 7-10 хоногт багтаан эхлүүлэх бөгөөд арилжаа эхэлснээр МХБ-ийн үнэлгээ дахин өсөх хүлээлттэй байна.
МХБ-ийн үзүүлэлт
МХБ-ийн нэгж хувьцааны ханш IPO хийснээс хойш 24.3 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь 50.1 тэрбум төгрөгт хүрсний сацуу өнгөрсөн онд өөрийн хөрөнгийн өгөөж нь 2.75 хувьтай байжээ. 2022-2023 онд МХБ системийн нөлөө бүхий банкнууд болон ТӨХК-уудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжихад төвлөрсөн бол энэ оноос нүүрсний спот арилжааг, ирэх оноос уул уурхайн бусад түүхий эдэд суурилсан фьючерс гэрээг арилжаалж эхлэх юм.
ҮХӨ баталгаажив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулсаныг ЕТГ мэдээллээ. УИХ-ийн гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийг мажоритар, пропорциональ хосолсон хэлбэрээр явуулахаар баталсан ҮХӨ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Түүнчлэн ҮХӨ-г баталсантай холбоотойгоор Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.
Удаан хүлээлгэсэн Vision Pro
"Apple" компани удаан хүлээлгэсэн "mixed-reality" буюу бодит ба виртуал орчныг холбогч төхөөрөмжөө танилцуулсан нь цахим тооцооллын ирээдүй гэгдэж буй энэхүү технологид хэрэглэгчид мөнгөө харамгүй зарцуулахад бэлэн эсэхийг шалгасан үйл явдал болов. Өчигдөр болсон "Worldwide Developers Conference" арга хэмжээний үеэр танилцуулагдсан шинэ "Vision Pro" төхөөрөмж ирэх онд худалдаанд гарах ба 3499 ам.долларын үнэтэй байх аж. Танилцуулгын арга хэмжээ эхлэх үед компанийн хувьцааны ханш 2.2 хүртэлх хувиар өсөж, рекорд дээд түвшинд хүрээд байсан ч шинэ төхөөрөмжийн үнийг зарласны дараа 0.8 хувиар унажээ.
"Vision Pro" нь бусад өрсөлдөгчдийн VR төхөөрөмжүүдтэй харьцуулахад овор хэмжээ багатай, хөнгөн, илүү цэвэрхэн гэмээр дизайнтай боловч төхөөрөмжийн батарейг эх биетэйгээ урт утсаар үргэлж холбоотой байхаар байрлуулсан нь хамгийн анхаарал татам шийдэл болсон байна. Үүнээс гадна төхөөрөмжийг зүүсэн хүний нүдийг гадна талын дэлгэцээр харуулах сонголттой нь мөн онцлог болжээ.
Хамгийн том MacBook
WWDC-ийн үеэр танилцуулагдсан бусад бүтээгдэхүүнүүд гэвэл 15.3 инчийн дэлгэцтэй “MacBook Air” зөөврийн компьютер, хүчирхэг шинэ процессороор тоноглогдсон “Mac Studio”, “Mac Pro” суурин компьютерүүд, мөн гар утасны болон компьютерын үйлдлийн системийн шинэ хувилбарууд байлаа. Өмнөх загваруудаасаа харьцангуй том хэмжээтэй “MacBook Air” нь M2 процессор, 18 цаг цэнэгээ барьдаг батарейтай бөгөөд үнэ нь 1299 ам.доллароос эхлэх аж.
Binance: Асуудал хөвөрсөөр
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо “Binance” компани болон компанийн Гүйцэтгэх захирал Жао Чанпенийг харилцагчдын хөрөнгийг буруугаар ашигласан, хөрөнгө оруулагчид болон зохицуулагчдыг төөрөгдүүлсэн, үнэт цаасны дүрмийг зөрчсөн хэмээн буруутгажээ. Вашингтон дахь Холбооны шүүхэд гаргасан 136 хуудас бүхий гомдолд дэлхийн тэргүүлэх виртуал хөрөнгийн биржийн гаргасан гэж үзэж буй зөрчлүүдийг жагсаасан бөгөөд ялангуяа АНУ-ын иргэдэд зориулалтын бусаар данс нээж, арилжаа хийхийг зөвшөөрсөн нь ноцтой зөрчил гэж үзжээ. Энэхүү мэдээ гарсны дараа биткойны үнэ 6.7 хүртэлх хувиар унасан байна.
Түүхэн амжилт, гэхдээ…
Тавдугаар сард Европын Холбооны нарны цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл анх удаагаа нүүрсний цахилгаан станцуудынхаас илүү гарсан нь тус бүсийн цэвэр эрчим хүчний шилжилтэд томоохон амжилт боллоо. Тийм боловч энэхүү хурдацтай тэлэлт эрчим хүчний систем дэх нэгэн сул талыг ил болгосон нь сарын хамгийн нарлаг өдрүүдэд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ огцом өсөж, эрэлт нийлүүлэлтийн хэт зөрүү бий болгосны улмаас цахилгааны үнэ хасах утга руу орж байжээ. Энэ нь эрчим хүч хуримтлуулах технологи шөнийн цагаар цахилгаанаар хангах, өвлийн улиралд орон сууцны халаалтыг шийдэх хэмжээнд хүрч хөгжих болоогүйг илтгэж байгаа юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
IATA: Дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбарын ашиг 2023 онд $10 тэрбум хүрнэ
“Morgan Stanley” БНХАУ-ын индексүүдийн зорилтот ханшийн төсөөллөө бууруулав
Онцлох чарт
“Markets Live Pulse”-ийн судалгаанаас харахад хөрөнгө оруулалтын салбарт ажилладаг хоёр хүн тутмын нэг нь “Удирдлагаас оффист илүү олон цаг ажиллах шаардлага тавивал ажлаасаа гарна” гэсэн хариулт өгчээ. Нийт оролцогчдын талаас илүү хувь нь гэр-оффис хослуулан ажиллахыг илүүд үзсэн бол ердөө 20 хувь нь л долоо хоногийн ажлын бүх өдөр оффистоо ажиллах хүсэлтэй байжээ.