2023/06/05

Гурван өгүүлбэрээр

  1. I-V сарын байдлаар нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт эзэлж байна.

  2. Төлбөрийн тэнцэл I-IV сард 270.61 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн үзүүлэлт болов.

  3. Байр суурь: “Баялгийн хараал гэдэг нь хөдөлмөрлөхгүйгээр, хөрөнгө оруулахгүйгээр орж ирсэн "тэнгэрийн хишиг" юм.

ЭТТ давамгайлав

Оны эхний таван сарын байдлаар нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт эзэлж байгааг тус компани мэдээллээ. Монголын хөрөнгийн биржээр эхний таван сард нийт 1 сая 542.4 мянган тн нүүрс борлуулагдсанаас дийлэнхийг буюу 1 сая тонныг ЭТТ-ийнх бүрдүүлсэн байна. Тус компанид онцгой дэглэм тогтоосноос хойших хугацаанд нийт 11 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж.

Биржийн журмууд

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталсныг СЗХ мэдээллээ. УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд үүнтэй холбогдуулж бирж болон брокерийн үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх зорилго бүхий журмуудыг баталжээ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа олон улсын жишгийн дагуу шударга, ил тод, нээлттэй явагдах суурь эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Байр суурь

“Баялгийн хараал гэдэг ойлголт нь үнэндээ хөдөлмөрлөхгүйгээр, хөрөнгө оруулахгүйгээр орж ирсэн "тэнгэрийн хишиг"-ийг хэлдэг. Энэ нь нэг талаас хүний нөөцөд сөргөөр нөлөөлж, бодит цалинг бууруулж, хүмүүсийг ажиллах дургүй болгодог. Гадаадад ажиллах хүч гаргаснаар орж ирсэн мөнгийг хүртэл "тэнгэрийн хишиг"-т тооцно. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөж, хөрөнгө оруулж байж босгосон бол тэр орлого жинхэнэ баялаг болдог. Түүнээс бусдаар инфляцыг хөөргөдөж, бодит цалинг бууруулж, ажиллах хүчний доройтлыг бий болгоно” хэмээн ШУТИС-ийн БУХС-ийн Дэд профессор Д.Баярмаа “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.

Ашиг хадгалагдав

Дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 191 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Түүнчлэн оны эхнээс 270.61 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд Монгол Улсын барааны экспортын үнийн дүн 1.19 тэрбум ам.доллар, импорт 737.59 сая ам.доллар хүрчээ. Оны эхний улиралд нүүрсний экспорт харьцангуй сайн байсантай холбоотойгоор урсгал дансны ашиг харьцангуй өндөр байсан бол дөрөвдүгээр сард нүүрсний экспорт өмнөх сараас үл ялиг буурчээ.

Бангкок руу шууд ниснэ

Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг энэ оны зургаадугаар сараас эхлэн үйлдэхээр Тайланд улсын талтай тохиролцсоныг ГХЯ мэдээллээ. Хоёр орны ЗГ хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаанаар Тайландын тур операторын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах зэрэгт мөн санал нэгджээ. Хоёр улс 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байна.

Шийдэмгий таналт

Саудын Араб долоодугаар сараас эхлэн газрын тосны гарцаа өдрийн 1 сая баррелиар нэмж танах шийдвэр гаргаснаар гарцын хэмжээг сүүлийн жилүүдийн доод түвшинд хүргэхээр боллоо. OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гол гишүүн болох тус улсын бие даан гаргасан энэхүү шийдвэрийн дараа WTI төрлийн газрын тосны фьючерс үнэ арилжааны эхэнд 5 хүртэлх хувиар огцом өсжээ. Амралтын өдрүүдээр болсон OPEC-ийн хурлын дараа Саудын Арабын Эрчим хүчний сайд, Хунтайж Абдулазиз ибн Салман "зах зээлд тогтвортой байдал авчрахын тулд шаардлагатай бүхнийг хийх болно" гэсэн байна. Эдийн засгийн базаахгүй төлөв, ялангуяа БНХАУ-д эрэлт сул байгаа нь газрын тосны үнэ доогуур түвшинд удаан хадгалагдахад нөлөөлж байгаа юм.

Тайвшрах болоогүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазыг шинэчлэх хуулийн төсөлд гарын үсэг зурснаар дефолтын эрсдэлийг арилгаж чадав. Хэдий тийм боловч тус улсын Сангийн яам нөөцөө дахин дүүргэхийн тулд дараалсан шинэ бондууд гаргахаар байгаа нь хэдийн суларч эхэлсэн хөрвөх чадварт улам дарамт болох төлөвтэй. "JPMorgan"-ийн тооцоолсноор шинэ бондын урсгал нь мөнгөний чанга бодлогын нөлөөтэй хосолноор энэ онд хувьцаа болон бондын нэгтгэсэн гүйцэтгэлд бараг 5 хувийн алдагдал авчрах бол дараагийн хоёр сард "S&P 500" индекс медиан дүнгээр 5.4 хувиар унана гэсэн төсөөллийг "Citigroup" гаргажээ.

Тийз тэнгэрт хадна

Томоохон авиа компаниуд цар тахлын хөл хорионы үеэрх алдагдлаа нөхөхөөр шийдэмгий хөдлөх тул энэ зун нислэгийн тийз улам үнэтэй байхаар байна. Аяллын менежментийн ”American Express Global Business Travel” компани Азийн орнууд руу чиглэлтэй олон улсын нислэгүүд, үйлчлүүлэгчдийн тийз худалдан авалтын түүхүүдэд шинжилгээ хийгээд Нью-Йорк-Хонгконг чиглэлд энгийн ангиллын тийзний үнэ энэ онд 2019 оныхоос даруй хоёр дахин, мөн өнгөрсөн оноос 34 гаруй хувиар өссөнийг тооцоолжээ.

Харвард AI-д найдна

Дэлхийн хамгийн алдартай цахим хичээл болох Харвардын Их сургуулийн “CS50” хиймэл оюуны эринд зохицон өөрчлөгдөж, ChatGPT-ээс туслалцаа авахаар болжээ. Компьютерын шинжлэх ухааны суурийг заадаг, 40 мянга гаруй оюутныг цахимаар хамруулдаг тус хичээл цаашид дүн тооцож гаргах, код бичихэд сургах, оюутан тус бүрт тохирсон зөвлөмж бэлтгэхэд хиймэл оюун ашиглахаар төлөвлөсөн байна. Хэдийгээр CS50-ийн хөтөлбөрт 100 гаруй туслах багшийг ажиллуулдаг ч оюутнуудтай тулж ажиллахад хүндрэлтэй хэвээр байгааг Харвардын Их сургуулийн профессор Дэвид Ж.Мэлан өгүүлсэн байна.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • UBS: Aзийн хэт чинээлэг иргэд БНХАУ-д хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвтэй

  • Генератив хиймэл оюуны зах зээл 2032 он гэхэд $1.3 их наяд болж, эрс өсөх төлөвтэй

Онцлох чарт

Канье Уэсттэй хийсэн түншлэл нь дуусгавар болсны дараа “Adidas” компани өмнөх ашгийнхаа хагасыг ч болов нөхөхийн тулд шаргуу зүтгэж байна. Санхүүгийн нүсэр зорилтоо биелүүлэхийн тулд нэг хүнээс хэтэрхий хамааралтай болсон нь тус компанид хэрхэн “хар дарсан зүүд” болсон тухай нийтлэлийг ЭНД дарж уншаарай.