- Business newsletter
- Posts
- 2023/06/02
2023/06/02
Гурван өгүүлбэрээр
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөг давж, ДНБ-д эзлэх хувь нь 19.5-д хүрлээ.
Монгол Улс 4 жилийн хугацаанд Үндсэн хуулиа хоёр дахь удаагаа өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүллээ.
Bloomberg Intelligence: Генератив хиймэл оюуны зах зээл 2032 он гэхэд 1.3 их наяд ам.доллароор үнэлэгдэнэ
Түүхэн өсөлт
Банкны салбарын реформ буюу системийн нөлөө бүхий дөрвөн банкны IPO, Төрийн өмчит компаниудын хувьчлал зэрэг нь Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа 10.3 их наяд төгрөгт хүрэхэд гол түлхэц боллоо. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хувь 19.5-д хүрсэн нь 2022 оноос 5.2 нэгж хувиар, сүүлийн гурван жилд 3.4 дахин өссөн дүн болж байна.
Хамгийн сүүлд IPO хийж байгаа ХасБанкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд хөрөнгийн захын үнэлгээ дахин тэлэх хүлээлттэй байна.
Байр суурь
“Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, ханшийн тогтвортой байдлыг хангаж чадвал эдийн засаг тэлэхэд хөрөнгийн зах зээл томоохон нөлөө үзүүлнэ. Түүхэн жишээ авч үзвэл, БНСУ-д 1972 онд манайхтай ижил Төрийн санаачилгаар компаниудыг нээлттэй болгохыг дэмжих хууль баталсан байдаг. Энэ нь тус улсын хөрөнгийн зах зээл 1997-2020 оны хооронд 50 дахин өсөхөд гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид дүгнэсэн. Тэгэхээр Монгол Улсад ч гэсэн энэхүү банкны системийн реформ урт хугацаандаа маш том нөлөө үзүүлнэ гэж харж байна” хэмээн “Rhinos Investment” ҮЦК-ийн Дэд захирал Н.Цэвэгмид “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
Шинэ үйлдвэрүүд
Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долоодугаар сард ашиглалтад орох төлөвтэй байгааг “Эрдэнэс-Тавантолгой” ХК мэдээллээ. Одоогоор барилгын гүйцэтгэл нь 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа тус үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэхийг тус төслийг гүйцэтгэгч “Админерал” компани онцолжээ. Шинэ үйлдвэр дөрвөн модуль бүхий жилийн 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай тул Тавантолгойн ордын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх аж.
Монгол, Итали улсын хамтарсан “Бэлфил” компани Дархан хотод ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байгуулахаар болсныг Дархан-Уул аймгийн ЗДТГ мэдээллээ. 2024 оны хавар үйлдвэрийн барилгын ажил нь эхлэх бөгөөд ашиглалтад орсноор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 45 хувь орон нутагт үлдэхээс гадна 200 гаруй ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой аж.
ҮХӨ батлагдав
Монгол Улс дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар өөрчлөн найруулсан заалт бүхий өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд "УИХ нэг танхимтай, 126 гишүүнээс бүрдэнэ. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн /пропорциональ/ төлөөлөх сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно" гэж өөрчлөн найруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т зааснаар өөрчлөлт оруулснаас хойш уг асуудлаар найман жилийн дотор дахин өөрчлөлт оруулахыг хоригложээ.
Өөдрөг төсөөлөл
Газрын ховор элементүүд нь цэвэр эрчим хүч гарган авах технологийн шилжилтийг хурдасгах гол цөмд тооцогдож байгаа тул ирэх 20 жилд эдгээр эрдэс бүтээгдэхүүний эрэлт огцом өсөх төлөвтэй. Хэдий тийм боловч KPMG-ийн судалгаанд хамрагдсан уул уурхай, металлын салбарын 430 удирдах албах тушаалтны дийлэнх буюу 79 хувь нь урт хугацааны энэхүү эрэлт хэрэгцээг уул уурхайн салбар хангаж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Судалгаанд оролцсон удирлагуудыг салбараар нь задлаад харвал 33 хувь нь зэс олборлолт, 20 хувь нь хөнгөн цагаан, 18 хувь нь ган үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байна.
Дэлхийн төв рүү
Хятадын эрдэмтэд дэлхийн царцдаст 10 мянган метр гүнтэй нүх өрөмдөж эхэлжээ. Газрын тосоор баялаг Шинжаан-Уйгурт явуулж буй энэхүү өрөмдлөгийн үр дүнд БНХАУ-ын түүхэн дэх хамгийн гүн цооног бий болохыг Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Цооног нь дэлхийн чулуун мандлын 10 давхаргыг нэвтэлж, 145 сая жилийн настай чулуулгийг агуулсан Цэрдийн галавын системд хүрэх юм байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс гадаргын дээр ч, доор ч судалгааны хил хязгаараа ахиулсаар байгаа энэ үед уг төсөл нь манай гарагийн дотоод бүтцийн талаар чухал мэдээлэл өгөхийн зэрэгцээ гүний өрөмдлөгийн технологийн туршилтын үүрэг гүйцэтгэхийг төслийг удирдаж буй "China National Petroleum Corp." онцолжээ.
Apple-ийн шинэчлэл
“Apple” компани нийлүүлэлтийн сүлжээгээ тэлж, шинэчлэн сайжруулах төлөвлөгөөнийхөө хүрээнд БНХАУ болон Азийн бусад орнуудад үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Европ, АНУ дахь дэлгүүрүүддээ шинэчлэл хийхээр зорьж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус компани Ази-Номхон далайн бүс, Европ, Ойрх Дорнод, АНУ-д шинэ дэлгүүр нээхээс гадна одоо байгаа дэлгүүрүүдээ шинэчлэх, нүүлгэх алхмууд хийхээр болсон аж. Ингэснээр дараагийн дөрвөн жилд "Apple" нийт 53 шинэ болон шинэчлэгдсэн дэлгүүртэй болж, 22 жилийн түүхтэй жижиглэн худалдааны үйл ажиллагаандаа “салхи оруулахаар” болжээ.
Месси Арабыг зорих уу?
Лионель Месси сүүлийн хоёр жил зүтгэсэн Францын Парис Сан-Жермен клубээ энэ улирлыг дуусгаад орхихоор болжээ. “Клермон” клубын эсрэг бямба гарагт хийх тоглолт нь Мессигийн “Parc des Princes” цэнгэлдэх хүрээлэн дэх сүүлчийн тоглолт болохыг PSG клубын дасгалжуулагч Кристоф Галтье өгүүлсэн байна. Өнгөрсөн сард Саудын Арабын зүгээс алдарт хөлбөмбөгчинд тус улсын хөлбөмбөгийн дээд лигт тоглох жилийн 400 сая ам.долларын үнэ бүхий гэрээ санал болгосныг “Telegraph” мэдээлж байв.
Бүрэн цахилгаан ирээдүй
Цахилгаан автомашины цэнэг дуусах вий гэх айдсыг бүрэн мартаж болох газар нь Хайнань болжээ. Өмнөд Хятадын халуун бүс дэх тус арал 75 мянга гаруй цэнэглэх станцтай тул тэндхийн цахилгаан автомашинтай жолооч нар суурин газар хамгийн холдоо 2-3 км яваад л автомашинаа цэнэглэх боломжтой аж. Энэхүү өргөн хүрээг хамарсан сүлжээ нь орон нутгийн удирдлагаас гаргасан 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсоож, цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины эзлэх хувийг 45 хувьд хүргэх төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм. Цахилгаан автомашины хэрэглээг дэмжихэд Хайнань аралд ямар давуу талууд байдаг тухай ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.
BloombergTV.mn танд санал болгож байна
Хувцасны брэндүүд гаргасан хаягдалдаа нөхөн төлбөр төлдөг болох журам АНУ, Европт батлагдахад ойрхон байна
Дэлхийн тансаг зах зээлийн өсөлтөд БНХАУ-ын худалдан авагчид гол жин дарж байна
Cochilco: 2031 оноос литийн хомсдол бий болж үнэ нь эрчимтэй өсөх төлөвтэй байна
Онцлох чарт
Генератив хиймэл оюуны зах зээл өнгөрсөн онд 40 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2032 он гэхэд 1.3 их наяд ам.доллар болж огцом өснө гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. "OpenAI"-ийн "ChatGPT" болон "Google"-ийн "Bard" зэрэг системүүд улам өргөжсөнөөр дээрх хугацаанд хиймэл оюуны зах зээлийн жилийн нийлмэл өсөлтийн дүн 42 хувь байхаар байна. Энэхүү "тэсрэлттэй өсөлт" нь зар сурталчилгаа, үйлчилгээ, банк санхүү гээд салбаруудад томоохон өөрчлөлт авчрахыг онцолжээ.