- Business newsletter
- Posts
- 2023/05/31
2023/05/31
Гурван өгүүлбэрээр
2023 оны төсвийн тодотголоор тэтгэврийг 10 хувиар өсгөж, Төрийн албан хаагчдын цалинг нэмэх санал дэмжигдлээ.
Авлигыг шийтгэх бус цаадах шалтгаантай нь тэмцэх нь илүү чухал болохыг “Транспаренси Интернэшнл”-ийн Үүсгэн байгуулагч сануулав.
“Twitter”-ийн үнэлгээ Илон Маскийн худалдан авахдаа төлсөн үнийн ердөө 33 хувьтай тэнцэж байгаа гэж “Fidelity” тооцоолжээ.
Төсөв тэлэх үү
ЗГ-аас оруулж ирсэн 2023 оны төсөвт тодотгол хийх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна. 2023 оны төсвийн тодотголоор нийт тэтгэврийн авагчдын санг 10 хувиар өсгөж, Төрийн зарим салбарын албан хаагчдын цалинг нэмэх, хүүхдийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгох саналууд тус тус дэмжигджээ. Эдгээр арга хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэрийг тусгасан байна.
Гэхдээ…
ЗГ 2023 онд экспортын орлогыг өөдрөгөөр харж, төсвөө ийнхүү тэлэхээр байгаа ч БНХАУ-д аж үйлдвэрлэл суларч, гангийн үйлдвэрүүд алдагдалтай ажиллах болсныг дагаад нүүрсний эрэлт буурсаар байна. Тухайлбал Чиньхуандао боомтод нүүрсний жишиг үнэ энэ онд 18 хувиар унаж, 2022 оны эхээс хойших доод түвшиндээ хүрсэн аж. Үүнтэй холбогдуулан "Нүүрсний үнэ өндөр байх сайхан өдрүүд үндсэндээ дуусгавар болж байна” гэж “Fengkuang Coal Logistics” судалгааны фирм онцолсон юм.
Экспортын шинэ түнш?
Монгол Улс Энэтхэгийн коксжих нүүрсний боломжит ханган нийлүүлэгч болох сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хамтран ажиллахаар БНЭУ-ын Гангийн яамтай санал солилцсоныг “Sxcoal” мөн мэдээллээ. Одоогоор компанийн түвшинд яриа хэлэлцээ хийсэн бөгөөд эцсийн шийдвэр хараахан тодорхой болоогүй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний импортоор Энэтхэг улс өдгөө дэлхийд тэргүүлж байгаа юм.
Байр суурь
“Авлигын эсрэг Монголын хэрэгжүүлж буй арга хэмжээнд би сэтгэл хангалуун байгаа. Нэгдсэн стратегиар ажиллаж байгаа санагдсан. Хуульд өөрчлөлт оруулах санаачилга гарч байна. Гэхдээ гэмт хэрэг талаас хандахад илүү ач холбогдол өгсөн хэвээр байж магадгүй. Авлигыг шийтгэх нь тийм ч чухал биш. Авлигын цаадах шалтгаантай тэмцэх нь илүү чухал. Ихэнх тохиолдолд албан тушаалтнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг урт хугацааны бодлогоос илүүтэйгээр хоёр гурван жилийн дараах сонгуульд анхаарлаа хандуулдаг. Богино хугацааны бодлогод анхаарч байгаа нь дэлхий даяар тулгамдсан засаглалын асуудал гэж хэлж болно” хэмээн “Транспаренси Интернэшнл”-ийн Үүсгэн байгуулагч, Профессор Питер Айген “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
“Мандал” ХОС-ийн өсөлт
"Мандал ирээдүйн өсөлт" хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) 2022 онд 4.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Тайлант хугацаанд хүүгийн орлого нь өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өсөж, дөрвөн тэрбум төгрөг хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын байдлаар тус сангийн хөрөнгө оруулалтын багцын дийлэнх буюу 38 хувийг мөнгөний захын хэрэгсэл эзэлж байгаагаас системийн нөлөө бүхий банкнуудын хувьцааны хөрөнгө оруулалт багагүй хувийг бүрдүүлжээ.
Зуучлагчид өсөв
Нэгдүгээр улиралд тусгай зөвшөөрөлтэй 311 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компани үйл ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 49 хувиар өссөн дүн болохыг СЗХ мэдээллээ. Эдгээр компаниуд 326 брокер, 1349 агенттайгаар зуучлалын үйл ажиллагаа явуулсан байна.
Түүнчлэн өнгөрсөн улиралд үл хөдлөх хөрөнгийн салбарт 2294 нь худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, нийт үнийн дүн 454.3 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн гурван жилийн ижил хугацаан дахь хамгийн өндөр дүн болсныг мэдээллээ.
Байдал дордсоор
“Twitter”-ийн үнэлгээ өдгөө Илон Маскийн худалдан авахдаа төлсөн үнийн ердөө 33 хувьтай тэнцэж байгаа гэж саяхан тус компанид эзэмшдэг хувьцааныхаа үнэ цэнийг бууруулсан “Fidelity” тооцоолжээ. Сошиал сүлжээний аваргыг 44 тэрбум ам.доллароор авахдаа зөвхөн хувьцаанд нь 33.5 тэрбум ам.долларыг зарцуулсан Илон Маскийн хувьд тус хэлцэлд хэт өндөр үнэ төлснөө хүлээн зөвшөөрсөн юм. Саяхан тэрбээр “Twitter”-ийн үнэлгээ төлсөн үнийнх нь тал хувиас доогуур байгааг өөрөө ч хэлж байв. “Fidelity” нь анх 11 дүгээр сард “Twitter”-т эзэмшдэг хувьцааныхаа үнэ цэнийг бууруулж, худалдан авсан үнийнхээ 44 хувьд хүргэж байв.
Клубт тавтай морил!
“Nvidia” компани 1 их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны чип үйлдвэрлэгч болсны зэрэгцээ уг босгыг давсан Америкийн ердөө таван компанийн нэг боллоо. Мягмар гарагт компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 7.7 хүртэлх хувиар өссөн нь “Alphabet”, “Amazon”, “Apple”, “Microsoft”-оос бүрдсэн их наядын клуб руу хөтөлсөн ч арилжаа хаагдах үед эргэн буурч, зах зээлийн үнэлгээ нь 990.7 тэрбум ам.долларт тогтоод байна. Түүнчлэн “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуангийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбумаар өсөж 36 тэрбум ам.доллар болжээ.
Мөнгийг дагана
“JPMorgan” нийт хүн амын 0.01 хувийг бүрдүүлдэг “супер” баячууд болон тэдний хөрөнгө оруулалтын компаниудад чиглэсэн “23 Wall” нэртэй охин компаниа чимээгүйхэн байгуулжээ. Уг бизнес нь нийт хөрөнгийн хэмжээ нь 4.5 их наяд ам.долларт хүрэх 700 гаруй гэр бүлд үйлчилгээ үзүүлэх аж. “23 Wall” нь цар тахлын өмнөхөн нээгдсэн бөгөөд “JPMorgan”-ийн ахмад банкир Энди Коэн компанийг удирдаж байгаа аж.
Хоосноос төрсөн хоол
Турмерик шиг шаргал өнгөтэй, гурил шиг нарийн ширхэгтэй, харахад хоолны дуршил төдийлөн хөдлөхөөргүй энэхүү нунтаг нь хүнсний технологийн сүүлийн үеийн томоохон ололт амжилтад тооцогдож байна. Финландын "Solar Foods" стартапын бүтээж, өнгөрсөн долоо хоногт Сингапурт анх худалдаалагдаж эхэлсэн "Solein" нэртэй энэхүү бодис нь агаар, ус, цахилгаан, микробоос бүрдсэн бөгөөд жирийн талхнаас паста хүртэл бүхий л хүнсийг хийж болох аж. Гэхдээ "Агаараас хүнс гаргаж авах" технологийн үйлдвэрлэл дэлхий дахинд бодит нөлөө үзүүлэх хүртэл дахиад хэдэн арван жилийн хугацаа шаардагдахыг "Solar Foods"-ийн Гүйцэтгэх захирал Паси Вайникка ярилцлагадаа өгүүлжээ. Шалтгааныг нь ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.
BloombergTV.mn танд санал болгож байна
Ши Жиньпин БНХАУ-ын боловсролын системийг дэлхийн жишигт ойртуулахыг зорьж байна
Хиймэл оюуны "заналхийлэл"-д буй ажлын байрнуудын дийлэнх нь эмэгтэйчүүдэд хамаарч байна
“Bitcoin”-ийн ханшийн савлагаа 2020 оноос хойших доод түвшинд хүрэв