ХасБанк тусгай

Гурван өгүүлбэрээр

  1. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ТЭЗҮ-ийн гэрээ хийгдэж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт эхэллээ.

  2. Системд нөлөө бүхий банкнуудын отгон IPO-г ХасБанк хийж байна.

  3. “Алтны ээлжит халуурал айсуй. Харин Nvidia үүнд хэрэг болох бүх хүрз, ёотууг нь зарж байна” (Онцлох чарт хэсгээс уншаарай)

Төмөр замын ахиц

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр үндэсний томоохон бүтээн байгуулалтуудад чухал ахиц дэвшлүүд гарлаа.

2022 оны есдүгээр сард нээлтээ хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг боловсруулах гэрээнд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөлөгчид гарын үсэг зурав. Зураг төсөл боловсруулах ажил 2023 онд багтан дуусаж, барилга угсралтын ажлыг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөлд Тавантолгойгоос нүүрс ачих төв, мөн Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт багтаж байгаа юм.

Түүнчлэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт бямба гарагт эхлэв. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй уг төслийн бүтээн байгуулалт зургаан сарын хугацаанд үргэлжлэх аж. Уг боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтойг албаныхан онцолж байна.

Байр суурь

“Эрчим хүчний эх үүсвэрийг хангах нэг хэлбэр болох сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь маш чухал. Өнөөдөр манай Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар ААН-үүд өөрсдийн хэрэгцээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангавал 5 мВт хүртэл аливаа тусгай зөвшөөрөл авалгүйгээр хийж хэрэгжүүлж болдог. Бидний үзэж байгаагаар ингэж хязгаар тогтоох нь буруу. ААН-үүд өөрсдийн технологийн бус эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар бол хууль эрх зүйн асуудлыг уян хатан байлгах хэрэгтэй. Төрийн хүнд суртал, дарамтыг байхгүй болгох ёстой гэж үзэж байна” хэмээн “Монголын Алт” ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Bloomberg TV Mongolia”-д яриа өгөхдөө онцолсон юм.

ХасБанк өнөөдрөөс эхлэн анхдагч зах зээлд хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлснээр системд нөлөө бүхий банкнуудын нээлттэй хувьцаат компани болох үйл явц дуусгавар болж байна. Тус банк нийт хувьцааныхаа 5.01 хувийг нэгж тус бүрийг нь 677 төгрөгөөр санал болгож, нийт 35.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. Анхдагч арилжааны үндсэн андеррайтераар "Rhinos Investment", туслах андеррайтераар "Ulzii&Co" оролцож байна.

Санхүүгийн хүртээмж, сайн засаглалыг бүтээх тулгуур зорилт бүхий ХасБанк нь сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн үр ашигтай байдлаа тогтмол нэмэгдүүлж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллажээ.

2020 онд тус банкны өөрийн хөрөнгийн өгөөж 12 хувь байсан бол 2022 оны байдлаар 27.6 хувь болж өссөний сацуу татварын дараах цэвэр ашиг өнгөрсөн онд 105.8 тэрбум төгрөгт хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлтүүд болжээ. IPO гаргах үеийн байдлаар ХасБанкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь Монголбанкнаас тогтоосон байвал зохих түвшнээс хоёр дахин өндөр байгаа юм.

Ирэх таван жилийн санхүүгийн төсөөлөлдөө ХасБанк зээлийн багцыг жил бүр 20-25 хувиар, харилцах хадгаламжийн үлдэгдлийг жил бүр 10-13 хувиар өсгөхөөр тусгажээ. Түүнчлэн 2027 он гэхэд тус банк нийт гадаад эх үүсвэрийн хэмжээг 660 сая ам.долларт, цэвэр ашгаа 228.6 тэрбум төгрөгт, нийт хөрөнгийн хэмжээгээ 943.7 тэрбум төгрөгт хүргэхээр зорилт тавьсан байна.

Том тоо, том агуулга

2.1 сая тн. ХасБанкны өнгөрсөн хугацаанд олгосон ногоон санхүүжилтүүдийн үр дүнд 2.1 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан гэсэн тооцоо гарчээ. Тус банк 2016 онд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын анхны арилжааны банк болсон юм.

893,413. Энэ бол Хасбанкны хадгаламж, хэрэглээний зээл, ипотекийн зээл, картын бүх төрлийн үйлчилгээг хүргэдэг нийт харилцагчдын тоо

$1.2 тэрбум. Сүүлийн 15 жилд ОУ-ын байгууллагуудаас 1.2 тэрбум ам.доллар татаж, хөгжлийн хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд бизнес, ногоон бизнес, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллажээ.

Эрх тэгш, хүртээмжтэй

ХасБанк нээлттэй хувьцаат компани болохдоо хувьцааг аль болох хүртээмжтэй, илүү олон хүн худалдан авах, оролцох боломжийг хангах зорилгоор 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд гэсэн хуваарилалтыг хийжээ. Түүнчлэн стратегийн хөрөнгө оруулагчдын оролцох минимум босгыг 30 сая төгрөг, дээд хязгаарыг 1 тэрбум төгрөгөөр тогтоосон нь хүрэлцээг хангаж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой аж.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг тус банк үйл ажиллагаагаа өргөжүүлж, зээлийн болон санхүүгийн түрээсийн багцын өсөлтийг хангахад зарцуулах юм байна. Түүнчлэн IPO гаргасныхаа дараа жил бүр цэвэр ашгийнхаа 30 орчим хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгох төсөөлөл гаргажээ.

Эрүүл засаглал

Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу он гарахаас өмнө банкнууд хувьцааны төвлөрлөө задалж, нэг хөрөнгө оруулагчийн эзэмших хувьцааг 20-иос ихгүй хувьд хязгаарлах шаардлагатай болж байгаа. Тэгвэл байгуулагдсан цагаасаа эхлэн хувь эзэмшлийн хэт төвлөрлөөс зайлсхийн, засаглалын эрүүл бүтцийг хадгалсаар ирсэн Хасбанкны хувьд нэг хувьцаа эзэмшигч нь дангаараа 20 хувиас илүүгүй хувь эзэмшилтэй Монгол Улсын цорын ганц банк байсан гэдгээрээ онцлог юм.

Одоогоор тус банкны толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг хоорондоо харилцан хамааралгүй 12 байгууллага, хувь хүн бүрдүүлж байна. Хууль, эрх зүйн өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс сүүлийн саруудад Тэнгэр Санхүүгийн Нэгдэлд томоохон бүтцийн өөрчлөлт хийж, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг охин компаниудаа зарах, нэгтгэх, татан буулгах зэрэг арга хэмжээнүүд авсныг ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав өгүүлж байлаа. Ингэснээр нээлттэй хувьцаат компани болсны дараа Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн одоогийн 10 хувьцаа эзэмшигч ХасБанкны шууд хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэж байгаа аж.

Хувьцаа худалдан авахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдын хувьд “надтай хамт хэн хувьцаа эзэмшигч болох вэ” гэдгийг харах нь чухал байдаг. ХасБанкны IPO-д оролцсоноор Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, ОУ-ын Санхүүгийн Корпораци, Канадын Үндэсний банк гээд олон улсад нэр хүндтэй томоохон санхүүгийн байгууллагуудтай нэг түвшний хөрөнгө оруулагч болох давуу талтай. Түүнчлэн банкны 5 хувь нээлттэй болсноор тухайн банкны эзэмшил 100 хувь “free float” буюу нээлттэй арилжаалагдах боломжтой болно гэсэн үг хэмээн ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав онцолсон юм.

ХасБанкны IPO-ийн танилцуулга, захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Тохиролцоонд хүрэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккарти өрийн таазыг шинэчлэн тогтоох тохиролцоонд хүрснээр тус улс түүхэндээ анх удаа дефолт зарлах эрсдэлээс зайлсхийх боломжтой болсноо зарлалаа. Бямба гарагт тэд 90 минутын турш утсаар ярьсны эцэст тохиролцож чадсан бөгөөд Конгресс төсвийн шинэ хууль тогтоомжийг батална гэдэгт итгэлтэй байгаагаа Жо Байден илэрхийлсэн байна. Конгрессын хоёр танхим дэмжвэл өрийн таазыг нэмэгдүүлэх хуульд Жо Байден гарын үсэг зурах юм.

Эрдоаны ялалт

БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Режеп Таиип Эрдоан ялалт байгуулах нь тодорхой боллоо. Ням гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтаар Эрдоан 52.2 хувийн саналаар өрсөлдөгч Кемал Килиждароглуг ардаа орхиж, тав дахь удаагаа дахин таван жил Туркийг удирдахаар болж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө магадлал тун багатайд тооцогдож байсан ялалтыг тэрбээр ийнхүү өөрийн талд эргүүлж чадсанаар Турк болон барууны ЗГ-ууд хоорондын зөрчилдөөн үргэлжлэх төлөвтэй болж, хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдал нэмэгдэж байна.

Өвөрмөц нээлт

“Парис-2024” Олимпын наадмын нээлтийн ёслол, тамирчдын жагсаалыг Сена мөрний эрэг дагуух зургаан км урт зурвасаас үнэгүй үзэх иргэд, жуулчид бүгд урьдчилан бүртгүүлж тасалбар авах ёстойг Франц улсын Засгийн газар, наадмыг зохион байгуулах хорооноос аюулгүй байдлын протоколдоо дурджээ. Харин үнэтэй тасалбар худалдаж авсан 100 мянган зочид арга хэмжээг илүү ойроос үзэх боломжтой аж. Наадмын нээлтийн ёслолоор хотын төв хэсгийг тэр чигт нь Францын соёлыг таниулах хэсэг болгон ашиглаж, уламжлалт цэнгэлдэх хүрээлэнгийн зохион байгуулалтаас татгалзсан нь онцлог болж байгаа. Мөн нээлтийн үеэр тамирчид Сена мөрний урсгал дагуу зүүнээс баруун чигт, нийт 91 завин дээр суун орж ирэх юм.

Хятадад үйлдвэрлэсэн онгоц

“Boeing”, “Airbus”-тай өрсөлдөхөөр БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн агаарын хөлөг ням гарагт буюу China Eastern Airlines компанид нийлүүлэгдсэнээсээ хойш бараг зургаан сарын дараа анхны нислэгээ үйлджээ. Шанхай-Бээжин чиглэлийн MU9191 нислэг 128 зорчигчийг амжилттай тээвэрлэснээр “Commercial Aircraft Corp of China”-ийн удаан хугацаанд ажилласан төсөл дуусгавар болж байна. Агаарын хөлөг үйлдвэрлэгч тус компани 2008 оноос эхлэн нарийн биетэй нисэх онгоц үйлдвэрлэх төсөл хөгжүүлж, 2011 оноос C919 онгоцны үйлдвэрлэлээ эхлүүлж байсан ч 2022 оны есдүгээр сар хүртэл нислэг үйлдэх албан ёсны зөвшөөрлөө аваагүй байсан юм. Тус онгоц нь 99 сая ам.долларын үнэтэй бөгөөд зөвхөн БНХАУ-д нислэг үйлдэх зөвшөөрөлтэй аж.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • “Yeezy”-ийн асуудал “Adidas”-т тэрбумын хохирол дагуулсан “хар дарсан зүүд” болсон нь...

  • МХБ: “Төрийн банк” ХК-ийн активын өгөөж 2.57 хувь байгааг тайлагналаа

  • Алтны үнэ унц нь $1946 болж, сүүлийн 2 сарын доод түвшинд очив

Онцлох чарт

Хиймэл оюуны тэсрэлт, түүнээс шалтгаалсан орлогын өөдрөг төсөөллийн ачаар чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт дөхөөд байгаа. “Алтны ээлжит халуурал айсуй. Харин Nvidia үүнд хэрэг болох бүх хүрз, ёотууг нь зарж байна” хэмээн шинжээч Кристофер Ролланд өгүүлжээ.