2023/05/26

Гурван өгүүлбэрээр

  1. Интернэт дэх нийт өгөгдлийн ердөө 0.008 хувь монгол хэл дээр бичигдсэн байдгийг Google-ийн ахлах судлаач онцлов.

  2. SSRN: Компанийн санхүүгийн мэргэжилтнүүдийн гаргадаг орлогын төсөөлөл буруу байх магадлал 70 хувь

  3. Кристалина Георгиева: Одоохондоо ам.долларт баяртай гэж хэлэх цаг болоогүй

АПУ ба ногдол ашиг

АПУ ХК нь 2022 оны хоёрдугаар хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 41 төгрөг 80 мөнгийг хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулсныг ҮЦТХТ мэдээллээ. 18,257 хувьцаа эзэмшигчийн 83,559,451 ширхэг хувьцаанд 3.4 тэрбум төгрөг хуваарилсан байна. Тус компанийн нэгж хувьцааны ханш он гарснаас хойш 16 орчим хувиар буурсан бөгөөд сүүлийн арилжаагаар 1286 төгрөгт хаасан. Хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 1.36 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

Шинэ бүтэц

Засаглалын шинэчлэлийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа 32 болгон цөөлж, мөн ТУЗ-ийн хараат бус гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж байгаагаа мэдээллээ. Үйл ажиллагаа ойролцоо, чиг үүрэг давхардсан, бизнесийн агуулгаараа ашиггүй ажиллаж байгаа компаниудаа татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх ажлын үйл явц үр дүнтэй үргэлжилж байгааг тус нэгдэл онцолжээ.

E-Mongolia 3.0

Насанд хүрэгчдийн 70 гаруй хувь нь ашиглаж буй “E-Mongolia” системийн шинэчилсэн хувилбарт урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломж нэмэгджээ. Үүнээс гадна хурууны хээ болон царай таньж нэвтрэх, яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх, орон нутгийн чиглэлийн автобус, галт тэрэгний тасалбар захиалах зэрэг үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Иргэд гурван жилийн хугацаанд "E-Mongolia" системээр дамжуулан 28 сая удаагийн үйлчилгээ авснаар нийтдээ 254 тэрбум төгрөг, 14 сая цаг хэмнэсэн хэмээн “И-Монгол Академи” онцолж байв.

Байр суурь

“ОУВС өнгөрсөнд гаргасан алдаагаа дахин давтаж, хямралын үед улс орнуудыг төсвөө танахыг тулгаж байна. Энэ нь үр дүнгүй. Өрийн хямрал, дээр нь цар тахлаас улс орнууд бүрэн сэргээгүй байхад нь инфляц, хүнсний үнийн хямрал гээд олон асуудал тулгарсан. Үүнд өгч буй цорын ганц хариулт нь алив зардлаа бууруулцгаая, хүмүүст нэн шаардлагатай санхүүжилтийг нь таная гэж байна. Ингэснээр хөгжиж буй орнуудын өсөлтийг хязгаарлаж, эдийн засгаа сэргээх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын системээ хөгжүүлэх боломжийг нь бууруулна” хэмээн Oxfam байгууллагын Бодлого хариуцсан Ахлах зөвлөх Набил Абдо “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа тодотгов.

Үнэт металлын арилжаа

Нэгүгээр улиралд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчид 258 кг үнэт металлыг 22.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.8 хувиар буурсан дүн болсныг СЗХ тайлагналаа. Харин 316.5 кг үнэт металлыг 26.5 тэрбум төгрөгөөр борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 48 хувиар буурчээ.

Хиймэл оюун

Монгол хэлийг хиймэл оюунт хэрэглүүр, чатботуудад оруулахад интернэт дэх ашиглалт бага, нөөц бааз хангалтгүй байдал нь гол сорилт болдог. Интернэт дэх нийт өгөгдлийн бараг 80 гаруй хувь нь англи хэл байхад монгол хэл дээр энэ үзүүлэлт ердөө 0.008 хувь байгааг “Google”-ийн Ахлах судлаач, эрдэмтэн М.Цэндсүрэн онцолж байв. Иймд энэ чиглэлд суурь технологийн судалгаа хийж, Төр болон хувийн хэвшил, Их сургуулиудын хамтын ажиллагаагаар монгол хэлний цахим нөөц баазыг бэлдэх шаардлагатайг тэрбээр өгүүлсэн юм.

Энэ цагийн технологийн хувьсгал хийж буй генератив хиймэл оюуны авчрах боломж ба эрсдэлүүд, энэ талаар эрдэмтэн судлаачдын байр суурийг багтаасан "Хиймэл оюун" тусгай хөтөлбөрийг

📌 Бямба гарагийн 08:00, 12:00, 17:30, 20:00, 22:00 цагуудаас

📌 Ням гарагийн 11:30, 14:00, 16:00, 20:30, 23:00 цагуудаас “Bloomberg TV Mongolia”-аар хүлээн авч үзээрэй.

Даатгалын асуудал

Эхний улиралд ердийн даатгалын нийт хураамжийн 24.9 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 13.4 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бүрдүүлжээ. Даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг нь л нөхөн төлбөрт зориулж байгаа талаар Албан журмын даатгагчдын холбоо мэдээлж байв. Өөрөөр хэлбэл хариуцлагын даатгалд хамрагдсан жолооч нарын 52 хувьд нь төвлөрүүлсэн орлогоос зарцуулагдаж, үлдсэн нь даатгалын компаниудад очиж байгаа нь даатгалаа төлсөн жолооч нарын болон нийтийн эрх ашгийг хамгаалахад, мөн авто замын түгжрэлийг бууруулахад ахиц гарахгүй байгаагийн томоохон шалтгаан гэдгийг онцолжээ.

Баяртай гэх болоогүй

АНУ-ын эдийн засгийн хүчин чадал, хөрөнгийн зах зээлийн ганхашгүй суурь нь ам.долларыг дэлхийн валютын нөөцийн гол бүрдүүлэгч гэсэн байр сууриа хадгалсаар байхад дэм болохыг ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева Катарын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцоллоо. "Валютын нөөцийн бүрдэлд хурдацтай өөрчлөлт гарна гэж харахгүй байна. Одоохондоо ам.долларт баяртай гэж хэлэх цаг болоогүй" хэмээн тэрбээр өгүүлжээ. Түүнчлэн дэлхий даяар инфляцын түвшин оргилдоо хүрээд буурч эхэлж байж болох ч суурь инфляц санасан хэмжээнд төдийлөн буурахгүй байгааг Георгиева анхааруулсан байна.

Тэсрэлт үргэлжлэв

Хиймэл оюуны “тэсрэлт”-ээс хамгийн том үр өгөөж хүртэж буй “Nvidia”-ийн цойлсон өсөлт үргэлжилж, нэгж хувьцааны ханш нь пүрэв гарагийн арилжаагаар 24 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларт дөхөөд байна. Түүнчлэн компанийн хамтран үүсгэн байгуулагч Женсен Хуангийн хөрөнгийн хэмжээ нэг өдрийн дотор 6.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж 34 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр тэрбээр 2023 он гарснаас хойш дэлхийн тэрбумтнуудын дунд хамгийн өндөр дүнгээр хөрөнгөө нэмэгдүүлсэн эрхэм болж байгааг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болно.

70 хувь нь буруу

Компанийн санхүүгийн мэргэжилтнүүдийн гаргадаг орлогын төсөөлөл буруу байх магадлал 70 хувьтай байдгийг “Social Science Research Network”-ийн судалгаа харуулж байна. Санхүү хариуцсан захирал, хөрөнгө оруулагчидтай харилцдаг мэргэжилтнүүд зэргээс бүрдсэн 357 оролцогчийн дунд явуулсан уг судалгаагаар дөрвөн мэргэжилтэн тутмын гурав нь компанийн орлого тэдний таамагласан түвшинтэй нийцэх магадлалтай байдаг ч ерөнхийдөө энэ нь ховорхон тохиолддог гэж хариулжээ. Үр дүнг нэгтгэн харвал тэдний гаргасан компанийн орлогын төсөөлөл биелэх магадлал ердөө 30 хувьтай байдаг байна.

Тэрбум долларын “шаталт”

“Adidas” Кэнье Уэстийг орхихдоо дурамжхан байсан нь цаанаа шалтгаантай. “Yeezy” брэнд компанийн ашгийн бараг тал хувийг бүрдүүлж байсан болохоор тэр. Өдгөө АНУ-аас Хятад хүртэлх “Adidas”-ийн агуулахуудад зарагдаагүй сая сая хос “Yeezy” хураалгатай хэвтэж байна. Хамгийн том бизнесийн түнш Кэнье Уэст буюу Ye-тэй гэрээгээ цуцалсан дуулиант явдлаас хойш долоон сар өнгөрсөн ч нэгэн цагт хязгаартай тоогоор гаргахад тэр дороо зарагдаж дуусдаг байсан тэдгээр гутлуудыг “Adidas” хэрхэхээ шийдэж чадаагүй хэвээр. Зарагдаагүй "Yeezy"-нүүдийн нийт үнэ цэнийг тооцвол 1.3 тэрбум ам.долларт дөхөх тул “Adidas” энэхүү алдагдлыг нөхөх арга зам яаралтай олох хэрэгтэй болж байна.

 BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Саудын Араб спорт, урлаг, хөгжмийн салбарт тэрбум тэрбумаар нь хөрөнгө хаяж, дэлхийн элитүүд үүнийг тоолгүй өнгөрөх боломжгүй болж байна. Сүүлийн жишээ л гэхэд Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Мессигийн карьерын сүүлийн жилүүдийг улсынхаа лигт үзэхийн тулд Саудын Араб жилийн 400 сая ам.доллар төлөхөд бэлэн болохоо илэрхийлсэн юм.