2023/05/24

Гурван өгүүлбэрээр

  1. Sxcoal: Монголоос БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ

    5-р сарын гүйцэтгэлээр огцом буурсан үзүүлэлт гарч магадгүй

  2. Боловсролын зээлийн асуудал олон нийтийн анхааралд орсноор зээлийн эргэн төлөлт огцом нэмэгджээ.

  3. Системд нөлөө бүхий банкнуудын отгон IPO-г ХасБанк хийж, нийт хувьцааныхаа 5.01 хувийг санал болгохоор боллоо.

Нүүрс ба эрсдэл

Үнэ, эрэлт суларсны нөлөөгөөр Монголоос БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ тавдугаар сарын гүйцэтгэлээр огцом буурсан үзүүлэлт гарах төлөвтэйг “Sxcoal” мэдээллээ. Хоёр орны гол боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн найман сарын доод түвшинд хүрч, Хятадын Ганцмод боомтоор нэвтэрсэн автомашины тоо тавдугаар сарын 1-нээс 22-ны хооронд дунджаар 669 байсныг “Sxcoal”-ийн бүртгэл харуулж байна.

Монгол Улс энэ онд БНХАУ руу нийлүүлэх экспортоо нэмэгдүүлэх хүлээлттэй бол хятадын талд коксжих нүүрсний үнэ огцом унаж, дотоодын уурхайнуудынх нь нөөц өндөр түвшинд байсаар байна. Түүнчлэн Монголын коксжих нүүрсийг Хятад руу худалдах арилжаа хийдэг жижиг арилжаа эрхлэгчид ашиг олохгүй байгаагаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. Нөгөө талд БНХАУ-ын Австралиас авах дулааны нүүрсний хэмжээ V сард өмнөх сараасаа 50 гаруй хувиар өсөж 0.43 сая тоннд хүрсэн нь Монголын нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлж байгааг “Sxcoal” онцолжээ.

Байр суурь

“Европын Холбоо нүүрстөрөгчийн ялгарал ихтэй үйлдвэрлэл бүхий бараа бүтээгдэхүүнд 2026 оноос өндөр татвар ногдуулахаар болсон. Иймд Монгол Улсад зөвхөн сэргээгдэх эрчим хүчний экспорт бус сэргээгдэх эрчим хүчинд үндэслэсэн үйлдвэрлэл нь маш том боломж олгохоор байна. Гэхдээ энэ чиглэлийн том төслүүдийн хөрөнгө оруулалтад тээг болж байгаа гол асуудал нь өмнөх гэрээнүүдээ мөрдөхгүй байгаа явдал. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн тууштай, тогтвортой бодлоготой байх, үүнтэй холбоотой бусад механизмууд боловсруулах ёстой. Одоогийн байдлаар зөвхөн хянасан, бурууг нь олсон, шийтгэсэн бодлогууд хүчтэй яваад байна” хэмээн Ньюком группын Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.

Төсөөлөл ба эрсдэл

2024 онд Монголын эдийн засгийн өсөлтийг Азийн Хөгжлийн Банк 6.1 хувь, Дэлхийн Банк 6.8 хувь байна гэж тус тус төсөөлөл гаргасан бол төсвийн төсөлд эдийн засаг 6.5 орчим хувиар өснө хэмээн тусгаад байна. 2023 оны эцэст гадаад худалдаа 22.2 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бол 2024 онд энэ үзүүлэлт 8 гаруй хувиар өсөж, 24 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй аж.

Харин эрсдэл гэвэл…

Төсөөлөлд гол эрсдэлүүдийг дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах, эрчим хүчний хомсдол, ган зуд нүүрлэх, зээлжих зэрэглэл буурах зэрэг байна гэж үзсэн байна. Тодруулбал мөнгөний хатуу бодлого хөгжиж буй орнуудад санхүүжилт босгоход хүндрэл учруулж, Монгол Улсад орох хөрөнгийн урсгалыг бууруулах эрсдэлтэй. Цаашлаад уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ буурах зэрэг сувгуудаар сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэжээ.

ХасБанк IPO хийнэ

Системд нөлөө бүхий банкнуудын отгон IPO-г ХасБанк хийж, тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн анхдагч зах зээлд хувьцаагаа нээлттэй арилжаалахаар боллоо. Тус банк нийт хувьцааныхаа 5.01 хувийг нэгж тус бүрийг нь 677 төгрөгөөр санал болгож, нийт 35.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх аж. Түүнчлэн анхдагч арилжааны үндсэн андеррайтераар "Rhinos Investment", туслах андеррайтераар "Ulzii&Co" оролцохоор болжээ. Банкны тухай хуулийн хүрээнд арилжааны банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл бууруулах ажил хүлээгдэж байгаа энэ үед нэг хувьцаа эзэмшигч нь дангаараа 20 хувиас илүүгүй хувь эзэмшилтэй Монгол Улсын цорын ганц банк гэдгээрээ ХасБанкны IPO онцлог болж байна. IPO-ийн танилцуулга, захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

126 хувийн биелэлт

“Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 126.4 хувьтай хаагдлаа. Арилжаанд нийт 2528 хөрөнгө оруулагчаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга өгснийг МХБ мэдээлэв. ХХБ татан төвлөрүүлсэн хөрөнгийг ногоон болон тогтвортой санхүүжилтийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн “IPO бол дөнгөж эхлэл. ХХБ-ны цаашдын зорилго олон улсын зах зээлд гарах явдал“ хэмээн тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдэгдсэн.

Эргэн төлөлт огцом өсөв

Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийг харвал:

📌 2021 онд 50 мянган ам.доллар

📌 2022 онд 200 мянган ам.доллар

📌 2023 оны V/23-ны байдлаар 420 мянган ам.доллар байна.

БЗС-ийн асуудал олон нийтийн анхааралд орсноор зээлийн эргэн төлөлт огцом нэмэгдэж байгааг дээрх тоо баримт харуулж байна. Тухайлбал, БЗС руу 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр нэг цагийн зайтай хоёр удаа холбогдоход эхлээд 390 мянган ам.доллар төлөгдөөд байна гэж мэдээлсэн бол удалгүй энэ тоо 420 мянган ам.доллар болсныг тус сангийн Зээл, тэтгэлгийн газрын мэргэжилтэн Ө.Батмандах хэлж байлаа.

1997-2023 он хүртэл Боловсролын сангийн зээлд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгосноос 700 гаруй тэрбум буюу 76 хувийг дотоодын Их, дээд сургуульд суралцах зээлд олгосон гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Мөн тэрбээр 2023 онд 90 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг онцолсон. Үлдсэн 220 орчим тэрбум төгрөгийг нь гадаадад суралцах хүмүүст зээл хэлбэрээр олгосон бөгөөд үүний 50 гаруй тэрбум төгрөгийн зээлийг гэрээний нөхцөлийн дагуу гадаадад суралцаж ирээд эх орондоо 60 сар ажилласан учир чөлөөлжээ. Харин үлдсэн зээлийн эргэн төлөлт удаашралтай явж ирсэн байна.

Зогсонги байдал

Өрийн таазыг шинэчилж, дефолтоос сэргийлэх асуудлаар Цагаан ордонд сүүлд хийсэн яриа хэлэлцээний дараа Бүгд Найрамдах намынхны үг тийм ч өөдрөг сонсогдсонгүй. Тус намын Төлөөлөгч Гаррет Грэйвсийн хэлснээр хоёр цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнд ахиц гараагүйн дээр хоёр тал дараагийн уулзалтыг товлоогүй аж. Энэ асуудалд Цагаан ордны зүгээс "суурь өөрчлөлт, хөдөлгөөн хэрэгтэй"-г тэрбээр онцолсон бөгөөд ерөнхийдөө яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон дохиог өгчээ.

Бүгд Найрамдах намынхны хувьд дотоодын төсвийн зарцуулалтыг аль болох олон жилийн турш бууруулах бодолтой байгаа бол Ардчилсан намынхан ойрын хэдэн жилд бага дүнгээр танахыг илүүд үзэж байгаа юм.

Тайвшрах болоогүй…

Дэлхий дахинд цар тахал дуусгавар болсныг ДЭМБ-аас зарлаад байгаа ч Covid-19-ийн улмаас дөрвөн минут тутамд нэг хүн нас барсаар байна. Мэдээж дийлэнх хүмүүст тус вирусийн учруулах аюул буурсан ч хүн амын багахан хэсэгт эрсдэл өндөр хэвээр байгаа тул эмзэг бүлгийнхэн, вакцинжуулалтын хувь багатай орнууд анхаарах хэрэгтэй аж. Өнгөрсөн онд АНУ-ын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт covid-19 бичигдсэнээс харвал дээр дурдсан багахан хэсэг нь тийм ч бага биш бололтой.

Галзуу хурд

Ердөө сар гаруйн өмнө Өмнөд Америк дахь үйлдвэрлэлд 148 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарлаж байсан “Shein” компани өдгөө Бразилд аль хэдийн 100 үйлдвэртэй болжээ. Өмнө нь “Softbank”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал байсан Марсело Клауре тус бүс нутгийн салбарыг удирдахын зэрэгцээ “Shein”-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг болоод байгаа. Хувцасны онлайн жижиглэн худалдаа эрхлэгч тус компанийн бизнесийн загвар нь “маш дисраптив” хэмээн тэрбээр тодорхойлжээ.

Сүүлчийн хааны цаг

Чин улсын сүүлчийн эзэн хааны зүүж байсан “Patek Philippe” цаг Хонгконгт болсон дуудлага худалдаанд 6.2 сая ам.долларын үнээр зарагджээ. Айсингиоро Пүи 1945-1950 оны хооронд ЗХУ-ын шоронд хоригдож байхдаа тус цагийг өөрийн орчуулагч, дотнын найз Георгий Пермяковд дурсгасан аж. Ховор түүхийг агуулснаас гадна дэлхийд ердөө найман ширхэг бүтээгдсэн гэдэг утгаараа “96 Quantieme Lune” загварын энэхүү цаг асар үнэ цэнтэй байх нь ойлгомжтой юм.

 BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

325.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлийн тавны нэгийг БНХАУ-ын худалдан авагчид бүрдүүлж байгааг “PwC” тооцоолсон байна. Тэр дундаа 2025 он гэхэд БНХАУ нь АНУ болон Европыг ардаа орхиж, тансаг бүтээгдэхүүний дэлхийн тэргүүлэх худалдан авагч улс болоход өндөр дүнгээр худалдан авалт хийдэг Z үеийнхэн гол түлхэц болохоор байгааг мэдээлжээ. Томоохон брэндүүд эдгээр худалдан авагчдыг улам татахын тулд Хятадад ямар стратеги баримталж байгаа тухай нийтлэлийг ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.