- Business newsletter
- Posts
- 2023/05/12
2023/05/12
Гурван өгүүлбэрээр
Монгол дахь устөрөгчийн “Gobi H2” төсөлд оролцож байсан “SB Energy” 85 хувиа “Toyota Tsusho Corporation”-д зарав.
Цахилгаан автомашины импорт 2022 онд 10 дахин өссөн ч холбогдох норм, стандарт батлаагүй нь асуудал болж байна.
БНСУ-ын өөр нэгэн соёлын экспорт чимээгүй мөртлөө хурдацтай явагдаж, медиа хэрэглээнд байр сууриа эзэлсэн нь "webtoon".
Импортыг орлох боломж
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны мэдээллээр дотоодод арьс шир боловсруулах 35, гутлын 50 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дотоодын гутал үйлдвэрлэгчдийн хувьд одоогоор жилд нэг сая хос гутал үйлдвэрлэж байгаа бол ойрын 3-5 жилд үйлдвэрлэх гутлынхаа тоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Монголын жилийн хэрэглээ 6-8 сая орчим байдаг тул гутлын зах зээлд импортын бүтээгдэхүүн давамгайлсан хэвээр байгаа юм.
Үйлдвэрлэгчийн үнэ
Дөрөвдүгээр сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 221.7 нэгж болж, өмнөх сараас 2.8 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Сарын өсөлтөд уул уурхай олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 3 хувиар буюу хамгийн их дүнгээр өссөн нь голчлон нөлөөлсөн бөгөөд тэр дундаа нүүрс, металлын хүдэр, газрын тос олборлолтын өртөг нэмэгджээ.
Байр суурь
“Өнгөрсөн онд Монгол Улс 230 гаруй цахилгаан автомашин импортолсон нь 2021 онтой харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт болсон. Энэ жил дор хаяж 40-50 хувь, цаашдаа 100 хувиар ч өсөх магадлал байна. Орон сууцны том хорооллууд дулаан гараждаа цэнэглэх станц байрлуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Монгол өнөөдрийг хүртэл цахилгаан автомашинтай холбоотой ямар нэгэн норм, стандарт батлаагүй. Тэгэхээр барилгын компаниудыг буруутгах хэцүү. Иймд нэн түрүүнд ЗТХЯ, ЭХЯ, ТЕГ, ГЕГ гээд байгууллагууд стандарт, дүрэм журмаа батлах хэрэгтэй. Бид бодлогоо одоо л ярьж, бэлэн болгохгүй бол жилд олон мянган цахилгаан автомашин орж ирдэг болсны дараа гаргавал оройтно” хэмээн “Мада” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүлэв.
Gobi H2 төсөл
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани Монгол дахь устөрөгчийн “Gobi H2” төслийнхөө талаар танилцууллаа. Уг төсөлд хамтрагчаар оролцож байсан “SB Energy” компани 85 хувиа “Toyota Tsusho Corporation”-д зарж, нэрээ “Terras Energy Corporation” болгожээ. Ингэснээр Японы сэргээгдэх эрчим хүчний салбарын томоохон компаниудын нэг “Toyota Tsusho” энэхүү төсөлд хамтрагчаар орж байна. “Elixir Energy” төсөлдөө ойр орчмын салхины болон усны эх үүсвэрийг ашиглах тул ногоон устөрөгчийн зохицуулалтын шаардлагад “Gobi H2” төсөл нийцэж байгааг онцолжээ.
“Могойн гол”-ын өсөлт
2022 онд “Могойн гол” ХК 120 мянган тн коксжих нүүрс, 30 мянган тн эрчим хүчний нүүрс олборлож, 130.3 мянган тн нүүрс борлуулснаа тайлагналаа. Компанийн нүүрсний борлуулалт өмнөх онтой харьцуулахад 30.3 хувиар өссөнөөс Эрдэнэт хотод нийлүүлсэн нүүрсний хэмжээ нь өмнөх оноос 20 мянган тонноор өссөн дүнтэй байгаа нь худалдан авагч талд эрэлт өндөр байгааг харуулжээ.
Илон ажлаа өгнө
Илон Маск "Twitter"-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч, компанийн ТУЗ-ийн дарга ба Технологи хариуцсан захирлын суудалд очиж байгаагаа зарлалаа. Мөн тэрбээр шинэ Гүйцэтгэх захирал эмэгтэй хүн байна гэдгийг дурдсан бөгөөд зургаан долоо хоногийн дараа ажлаа хүлээж авахаар байгаа тул одоохондоо нэрийг нь нууцлахыг илүүд үзжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Илон Маск 44 тэрбум ам.доллароор "Twitter"-ийг худалдан авахдаа компанид хийх бүтцийн өөрчлөлт дуусах хүртэл түр хугацаанд удирдах болохоо илэрхийлж байсан юм.
Ажил дээрх романс
Судалгаагаар ажлын байрнаасаа хайраа олох нь хүмүүст ажилдаа илүү дуртай болох, урам зориг бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг тогтоожээ. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд ажлын байран дахь романс тийм ч түгээмэл биш болж буй шинж ажиглагдаж байна. 50-64 хүртэлх насны америкчуудын 21 хувь нь гэр бүлийн хүнтэйгээ ажил дээрээ танилцсан байхад 18-29 насныхны ердөө 13 хувь нь тэдэнтэй ижил түүхтэйг “Pew Research Center”-ийн судалгаанд дурджээ. Тэгвэл өнөө цагт ажлын байран дахь романс таны карьерт сэвтэй юу? Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Шинэ давлагаа
"Кpop" хөгжмийн дараа Өмнөд Солонгосын дэлгэцийн урлаг дэлхий дахинд тэсрэлт хийж байгааг ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд наад зах нь "Netflix" хэрэглэдэг хэн бүхэн анзаарахгүй өнгөрөөх боломжгүй байв. Тэгвэл үүний хажуугаар БНСУ-ын өөр нэгэн соёлын экспорт чимээгүй мөртлөө хурдацтай явагдаж, медиа хэрэглээнд нэгэнт байр сууриа эзэлсэн нь "webtoon" юм. Энэ нь ухаалаг утас, зөөврийн төхөөрөмжөөс үзэх зориулалттай байхаар загварчлагдсан өнгөлөг, Японы мангатай төстэй дижитал цуврал комик бөгөөд 20 гаруй жилийн өмнө үүссэнээсээ хойш "Naver", "Kakao" зэрэг том компаниудын дэмжлэгтэйгээр нутагтаа ихээхэн алдаршжээ.
БНСУ-ын “Naver” компани 2016 онд энэ чиглэлийн охин компани болох “Webtoon Entertainment”-ийнхаа олон улс дахь үйл ажиллагааг тэлэхээр АНУ-д салбараа байгуулсан нь ихээхэн амжилтад хүрсэн байна. Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар компанийн “webtoon” үйлчилгээний нийт 86 сая хэрэглэгчийн 12 сая нь АНУ-д байсан бөгөөд 2019 онтой харьцуулахад энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Airbnb”-ийн орлогын төсөөлөл шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь уналаа
БНХАУ-д удахгүй хэрэгжих автомашины шинэ стандарт салбарынхныг сандралд орууллаа
Онцлох чарт
БНХАУ аюулгүй байдлын шалгалт хийж нүүрсний гарцаа бууруулахаар болж буй ч тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларч, үйлдвэрлэл багассан нь нүүрсний үнэд сөргөөр нөлөөлж байна. Гангийн үйлдвэр, цементийн үйлдвэр зэрэг нүүрс ихээр ашигладаг аж үйлдвэрийн хэсгүүд алдагдлаа нөхөхийн тулд нүүрсээ илүү бага үнээр авахыг шаардахаас гадна ихэнх нь үйл ажиллагаагаа хумьсныг БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн холбооны шинжээч мэдээлэв.
Харин эрчим хүчний хувьд он гарсаар БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, бүтээн байгуулалтын дэмжлэг, мөн усан цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн бууралтын нөлөөгөөр газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээ өссөнийг тус улсын Эрчим хүч, агаарын чанарын судалгааны төвөөс мэдээлжээ.