- Business newsletter
- Posts
- 2023/05/11
2023/05/11
Гурван өгүүлбэрээр
АНУ-ын фьючерс арилжааны зохицуулагч байгууллага Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Онцлох нийтлэл: Азийн жамц давсны хэрэглээг хангах нөөцтэй ч импортод найдсаар буй Монгол Улс
Питер-Жан де Крун: Монголд компаниа нээснээр "Meta"-аас төгрөгөөр нэхэмжлэх гаргаж өгөх боломжтой болсон. (Байр суурь хэсгээс уншаарай)
Ашигладаггүй ашигт малтмал
Монголын Геологийн холбооны мэдээллээр Монгол Улсын давс, мөсөн шүүний жилийн хэрэглээ 20 орчим мянган тонн. Үүнээс 14 мянган тонныг нь импортоор авдаг бөгөөд 2021, 2022 онд 4.5 сая ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. "Манай улс Ази тивийн жамц давсны хэрэглээг дангаараа хангах хэмжээний нөөцтэй. Энэ үүц Увс аймгийн Тагнын нурууны салбар уулсын дунд оршин буй Шүдэн ууланд бий. Үүгээр зогсохгүй дэлхийн давсны томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй эрдэс, давсын агууламжаар өндөрт тооцогддог" хэмээн нэрт геологич Ж.Сумъяа хэлж байв. Хэдий дотооддоо хангалттай нөөцтэй ч импортоос хэт хамааралтай байгаагийн цаана бодлогын болоод зах зээлийн ямар асуудал байгаа нь эрхгүй анхаарал татна…
Үйлдвэрлэл ба ногоон ЭЗ
Монгол Улсад аж үйлдвэрлэлийн салбар ногоон эдийн засагт нөлөөлөхдөө нэн тэргүүнд хүлэмжийн хийн ялгарлаар дамжин нөлөөлж байгааг Монголбанкны судалгаанд дурджээ. 2002-2019 оны статистикт хийсэн тооцооноос харахад урт хугацаандаа уул уурхай, олборлолтын гарц 1 хувиар нэмэгдэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0.42 хувиар нэмэгдүүлж байна гэж судлаач тооцоолсон байна. Иймд нэгдүгээрт аж үйлдвэрийн салбарын болон түүний дэд салбаруудын бодлогын баримт бичиг, хоёрдугаарт боловсруулах үйлдвэрлэлийн дэд салбар, тэр дундаа шинэ дэд салбаруудыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Байр суурь
“Entravision-ийг “Meta" компани Монгол дахь зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр нэрлэсэн нь бидний энэхүү зах зээлд тэлэх төлөвлөгөөнд илүү их түлхэц болж өгсөн. Бид Монголд компаниа нээснээр үйлчлүүлэгчдэдээ "Meta"-аас дотоодын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр нэхэмжлэх гаргаж өгөх боломжтой болсон. Өмнө нь "Facebook", "Instagram"-д зар сурталчилгаа оруулахаар болбол зөвхөн ам.долларын кредит картаар төлбөрөө хийдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй гэсэн үг. Ингэснээр эдгээр платформууд дээр хийгдэж буй худалдан авалт бүс нутгийн зах зээлд явагдаж, дотооддоо татвар төлөгдөж, цаашлаад эдийн засагт дэмжлэг болохоор байгаа юм” хэмээн “Entravision Asia”-ийн Гүйцэтгэх захирал Питер-Жан де Крун “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө өгүүлэв.
Банкнуудын хувьцаа юу болов?
Системд нөлөө бүхий таван банкнаас Худалдаа Хөгжлийн Банк болон Хас Банк л IPO хийх үлдээд байна. Тэгвэл хувьцаа нь эргэлтэд орж эхэлсэн банкнуудын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал ерөнхийдөө арилжааны эхний долоо хоногт огцом өсөж, улмаар анхны үнэ рүүгээ эргэн тогтворжсон хандлагатай байна. Тухайлбал:
📌 “Төрийн банк” ХК-ийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-нд арилжаа нь эхэлснээс хойш бараг 1.7 дахин буурсан бол 2023 он гарснаас хойш 10 орчим хувиар унаад байна. 2022 оны санхүүгийн тайлангийн дүн шинжилгээнээс харахад компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 22 хувь, үнэ ба ашгийн харьцаа нь 4.63 байгааг “БиДиСЕК ҮЦК” ХК өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгаандаа дурджээ.
📌 Зах зээлийн үнэлгээ нь 828.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа “Голомт банк” ХК-ийн хувьцаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд эргэлтэд орж эхэлснээс хойш ханш нь 21 хувиар буурчээ. Өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.3 хувьтай, үнэ ба ашгийн харьцаа нь 7.03 байна.
📌 “ХААН Банк” ХК-ийн нэгж хувьцааны ханш хоёрдогч захын арилжааны эхний өдрүүдэд огцом өссөн бөгөөд 5-р сарын 10-ны өдрийн байдлаар анхны ханшаасаа 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 2.2 их наяд төгрөг байна.
Тооцоолоогүй томилгоо
БНХАУ нийт 61 их наяд ам.доллароор үнэлэгдэх санхүүгийн салбараа олонд төдийлөн танигдаагүй орон нутгийн албан хаагчид хариуцуулсан нь Ши Жиньпин Хятадын төрийн томчуудын дунд ойрын жилүүдэд байгаагүй томоохон халаа сэлгээ хийсний дараах тооцоологдоогүй нэгэн алхам болжээ. Өмнө нь банкир байсан Ли Юнзе нь шинээр байгуулагдсан Үндэсний санхүүгийн хяналт, менежментийн товчоонд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, мянга мянган банкнууд, даатгал, санхүүгийн байгууллагуудад зохицуулалт хийх ажлыг удирдахаар болсон байна.
52 настай тэрбээр шинэ албан тушаалд очихын өмнө Сычуань мужийн захирагчийн орлогчоор 2018 оноос хойш ажиллаж байсан аж. Бээжингээс өсөлтийг дэмжихийн хажуугаар эрсдэлийг хяналтдаа оруулахаар хичээж буй энэ үед илүү ахмад, туршлагатай нэгэн тус албан тушаалд очно хэмээн тооцоолж байсан ажиглагчдыг түүний томилгоо ихээхэн гайхшируулсан байна.
Дэлхийд нөлөөлөх дефолт
Дөрөвдүгээр сард АНУ-ын инфляцын эрч саарсан шинж ажиглагдсанаар Холбооны нөөцийн банканд бодлогын хүүгийн өсөлтөө завсарлуулах орон зай өгөв. Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 4.9 хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн хоёр жилд анх удаа 5 хувьд хүрээгүй үзүүлэлт болжээ. Гэхдээ Төв банкны хувьд үнийн дарамт тогтвортой бууралтын замдаа орсон гэдэгт итгэлтэй болохын тулд зөвхөн нэг сарын дүн мэдээллээс илүү ихийг харах шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
Харин нөгөө талд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазтай холбоотой тодорхойгүй байдалд шийдэл олохгүй бол дэлхий нийтийг хамарсан хурцадмал үр дагавар гарахыг анхааруулсан байна. "Хэрэв бид өрийн дефолт зарлавал дэлхий нийтээрээ хүнд байдалд орно" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Баффет=Өсөлт
Уоррен Баффетын хөрөнгө оруулалттай Японы арилжааны компаниудын хувьцааны ханш энэ долоо хоногт дээд түвшинд хүрлээ. Энэ нь компаниуд тайлангаа танилцуулж, хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зарласантай холбоотой аж. Тухайлбал: хамгийн өндөр өсөлт үзүүлсэн “Mitsubishi” компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаа зарласны дараа хувьцааны ханш нь лхагва гарагт зургаан хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна. Уоррен Баффет өнгөрсөн сард “Sumitomo”, “Itochu” тэргүүтэй эдгээр компаниудад эзэмших хувиа нэмэгдүүлэх хувиа өсгөхөө зарласан нь мөн энэхүү өсөлтөд түлхэц болжээ.
100 долларын нойр
Энгийн ангиллын суудалд олон цагаар нисэх зорчигчдын хувьд юу юунаас илүү үнэтэй зүйл бол нойр. Тэгвэл үүнийг "Air New Zealand" цагийн 100 орчим ам.доллароор үнэлсэн байна. Тус авиа компани 2024 оноос эхлэн Окленд-Нью-Йорк болон Окленд-Чикаго чиглэлийн нислэг үйлдэх онгоцнууддаа зургаан ор бүхий "Skynest" нэртэй тасалгаанууд гаргаж өгөхөөр болжээ. Санал болгож буй дөрвөн цагийн хязгаар бүхий "унтлага" нь зөвхөн энгийн ангиллын зорчигчдод хамаарах бөгөөд үнэ нь цагийн 64-95 ам.доллар хооронд байхыг компани мэдээлсэн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
"Victoria’s Secret"-ийн загварын шоу энэ намар эргэн ирнэ
Nintendo: Видео тоглоомын консолын борлуулалт буурах төлөвтэй
Цаг агаар хүйтэн байгаагийн улмаас БНХАУ-д хөвөнгийн ургамлын гарц буурч байна