2023/05/08

Гурван өгүүлбэрээр

  1. Хоёрдугаар улиралд банкнууд зээлийн шалгуураа хэвээр хадгалж, ААН-үүдэд зээл олголтоо нэмэгдүүлэх хандлагатай байна.

  2. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.

  3. “Apple”-ийн ухаалаг цагны ганц улирлын борлуулалт швейцар цагны нийт зах зээлийн бүтэн жилийн борлуулалтыг давжээ.

Зээл хэрэгтэй байна уу…

2023 оны II улиралд банкнууд зээлийн шалгуураа хэвээр хадгалах хандлагатай байгааг арилжааны 12 банкны дунд явуулсан зээлийн төлөвийн судалгааны тайлангаас харж болохоор байна. Энэ улиралд ААН-ийн зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй, харин иргэдийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэх хүлээлттэй байгаа тул үүнийг харгалзан арилжааны банкнууд ААН-д олгох зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Шалгуурын хувьд:

Банкнууд худалдаа, үйлчилгээнээс бусад салбарын зээлийн шалгуурыг хэвээр хадгалах бол иргэдийн зээлээс тэтгэврийн зээлийн шалгуураа бараг зэрэг чангалж, хэрэглээний зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах хүлээлттэй байна. I улиралд эдийн засгийн ерөнхий байдал болон банкны эрсдэл даах чадвар сайжирснаар ХАА, боловсруулах үйлдвэр болон худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулсан аж.

Байр суурь

Ойрын таван жилд хэрэгжиж буй бүх төслүүдийн ихэнх нь уул уурхайн төслүүд учраас тэр хугацаанд Монгол Улсын экспортын түүхий эдээс хамааралтай байдал 94-96 хувьтай байна гэсэн үг. Нүүрсний экспорт тогтвортой бус, нэг л улсын зах зээлд гардаг учраас тухайн улсын бодлого, эрэлт хэрэгцээнээс хамаараад хэлбэлзэх магадлал өндөр. Энэ оны тухайд гэвэл Австрали улс БНХАУ-д эрчим хүчний нүүрсний экспортоо сэргээж эхэлсэн, ОХУ-ын зүгээс Хятад улсад гаргах нүүрсний экспортоо мөн идэвхтэй нэмэгдүүлж байна. Өрсөлдөөн өндөр байгаа учраас нэгдүгээр улиралд хүрч чадсан нүүрсний экспортын хэмжээг оны хоёрдугаар хагаст хэвээр хадгалж чадах уу гэдэг нь нэлээд эрсдэлтэй харагдаж байна” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр “Bloomberg TV Mongolia”-д байр сууриа илэрхийлэв.

ҮХӨ улам ойртов

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Анхны Үндсэн хууль батлагдсанаас хойш хүн амын тоо нэг саяар нэмэгдэж, нэг гишүүн дунджаар 45 мянган иргэнийг төлөөлж байгаа нь 1992 оноос хойш 18 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тиймээс хүн амын өсөлтийг харгалзан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ-ын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгохоор тусгасан гэж Ерөнхий сайд онцолж байв.

Геополитикийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах, эдийн засгийн их үсрэлт зэргээс шалтгаалан Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн болохыг Ерөнхий сайд тодотгож байв.

Шинэ тогтолцоогоор хууль батлах соёл төлөвшихөөс гадна мэтгэлцээний зарчим руу илүү шилжих давуу талтай гэж үзэж байна. Харин сул талуудын хувьд, засаглалын тогтворгүй байдал үүсэх, мэтгэлцээн сунжрах зэрэг нөхцөл байдал үүсэж болох ч ерөнхий дүр зургаараа төлөвшлийн хувьд сайжирна гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлжээ.

СЗХ ба ОУВС

Санхүүгийн зохицуулах хороо Олон Улсын Валютын Сантай урт хугацаандаа хамтын ажиллагаагаа улам нэгтгэж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, тогтвортой байдлыг бэхжүүлэхээр зорьж байгаагаа мэдээллээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОУВС-ийн зүгээс төрийн өмчит компаниудын хувьчлал, банкны реформ, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нэвтрүүлэхэд бодлого зохицуулалтын хүрээнд хамтран ажиллажээ.

Хүлээлт дуусав

Лондоны Вестминстерийн сүмд III Чарльз хаан ширээнд заларснаар Их Британийн төрийг барих олон арван жилийн хүлээлтдээ албан ёсоор цэг тавилаа. Дундад зуунаас эхтэй Британийн хаант засаглалын уламжлал, дэг жаяг болон орчин үежүүлэх хүчин чармайлтыг хослуулснаараа энэ удаагийн ёслол онцлог болов. Ёслолд уригдсан 2,000 гаруй зочныг орон орны төрийн тэргүүнүүд, язгууртан дээдэс, алдартнууд бүрдүүлэв. Түүнчлэн хаан ширээний залгамжлагч Хунтайж Уилльям эцэгтээ үнэнч байхаа тангарагласан бол өөр нэг хүү нь болох Хунтайж Харри гуравдугаар эгнээнээс ёслолыг үзжээ.

Нүүрснээс амар салахгүй

Энэтхэг улс уур амьсгалын зорилтдоо хүрэхийн тулд цэвэр эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа хурдацтай нэмэгдүүлж байгаа ч 2030 онд тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эд нь нүүрс хэвээр байна гэж шинжээчид тооцоолжээ. Нийлүүлэлт тасалдахаас сэргийлэхийн тулд уурхайнууд нүүрс олборлолтоо дээд түвшинд хүргээд байгаа энэ үед тус улс цахилгаан эрчим хүчнийхээ 75 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна.

Google-ийн шинэ утас

“Google” компани эвхэгддэг дэлгэцтэй шинэ ухаалаг гар утасны загвараа танилцуулснаар өдгөө “Samsung”-ийн ноёрхлоо тогтоогоод буй эвхэгддэг ухаалаг утасны төрөлд өрсөлдөж эхэллээ. “Pixel Fold” нэртэй тус загвар гадна талдаа 5.8 инчийн дэлгэцтэй, харин дэлгэхэд 7.6 инчийн дэлгэцтэй таблет болдог байна. Мөн эвхэгддэг гар утаснууд дундаас хамгийн бат бөх гэдгээрээ ялгарах бөгөөд үнэ нь 1,700 ам.доллар орчим байхыг эх сурвалж мэдээлжээ.

“Мөнгөө авъя, Илон”

150 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй Илон Маскийн хэлж байгаагаар “Twitter”-ийн санхүү сэргэлтийн замдаа орж чадсан ч жижиг, дунд бизнесүүд сошиал сүлжээний тус компанийг өрөө төлөхөөс бултаж байна хэмээн буруутгах болжээ. Тус компанийн пи-арын зөвлөх үйлчилгээнээс эхлээд брэндийн албан ёсны мерчандайз үйлдвэрлэгч зэрэг хэд хэдэн компанид төлөх нийт 10 сая ам.долларын өрийн хугацаа хэтрээд байгааг шүүхийн баримт бичигт дурдсан байна. Илон Маскийн компанийг өрөө төлөөгүй хэмээн шүүхэд хандсан дор хаяж 10 компани байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эсэх нь “Twitter”-ийн төлөлтөөс өндөр хамааралтай байдгийг тэдгээр бизнес эрхлэгчид онцолжээ.

 BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

“Rolex”, “Swatch” тэргүүтэй брэндүүдийн дархлагдсан нэр хүнд технологид гүйцэгдэв бололтой. Зөвхөн “Apple” компанийн ганц улирлын борлуулалт нь швейцар цагны нийт зах зээлийн бүтэн жилийн борлуулалтаас илүү гарч байгааг сүүлийн тайлангаас харж болохоор байна.