2023/05/05

Гурван өгүүлбэрээр

  1. MMC компанитай эхлүүлсэн стратегийн түншлэлийнхээ хүрээнд ERD 10 сая ам.долларын санхүүжилт татлаа.

  2. 80 хувийг нь импортолж, үлдсэнийг нь дотоодоос хангадаг арматурын үнэ IV сарын байдлаар 2.8 сая төгрөг болж буурчээ.

  3. Бордоог өндөр нарийвчлалтайгаар цацах ажлыг дроноор хийж байна.

Сайн уу, муу юу аль нь вэ?

Дэлхийн банкны судалгаагаар хууль бусаар хөрөнгө хураан авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар Монгол Улс эрсдэлтэй улсын тоонд багтжээ. Тухайлбал: гурван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөрчигдсөнөөс болж, хөрөнгө оруулалтын шийдвэрээсээ буцдаг гэсэн байна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид Монгол Улсад ямар дүн тавьж байгааг Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын статистикаас харж болно. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан онцлог заалтууд болоод талуудын байр суурийг Bloombergtv.mn-ийн нийтлэлээс уншаарай.

MMC, ERD-ийн хамтрал

Монголд уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэгч хоёр компанийн стратегийн түншлэлийн эхний хоёр транч эцэслэгдэж “Erdene Resource Development” компани 10 сая ам.долларын санхүүжилтийг “Mongolian Mining Corporation”-ээс амжилттай татан төвлөрүүлснээ мэдээллээ. MMC-ийн зүгээс нийт 40 сая ам.долларын санхүүжилт хийснээр ERD-ийн “Хөндий” болон “Алтан нар” уурхай, мөн Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Монгол дахь охин компани нь болох “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг эзэмшихээр байгаа. Энэ оны I cард татсан эхний шатны санхүүжилт болох 5 сая ам.долларыг ERD "Баян Хөндий" алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ болон уурхайн ашиглалтын хугацааг тооцоолоход зарцуулсан юм.

Дараагийн өрөмдлөг

Өмнөговь аймгийн нутаг дахь метан хийн “Гурвантэс XXXV” төсөлд хоёр дахь олборлолтын цооног болох “Lucky Fox II”-ийн өрөмдлөгийг тавдугаар сарын 3-нд эхлүүлснээ “TMK Energy” компани мэдэгдлээ. Үүнээс өмнө тус компани “Lucky Fox I” өрөмдлөгөөр 175 метрийн гүнээс 60 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлээд байсан юм. Компани нийт гурван өрөмдлөг гүйцэтгэсний дараа олборлолтын туршилтыг зургаан сарын хугацаанд гүйцэтгэхээ онцолжээ.

Байр суурь

Дижитал технологид суурилсан банкны ирээдүйн талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катогийн өгсөн ярилцлага The Banker сэтгүүлд нийтлэгдсэнийг товчлон хүргэж байна.

Үндэсний тэргүүлэх гурван банкны нэг Голомт банк нь дотоодын шинийг санаачлагч инноваторуудыг оролцуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, тогтвортой өсөлтийг хангах дижитал экосистем бий болгож буй "Нээлттэй банк" хэмээх өвөрмөц стратегиараа дамжуулан Монгол Улсын дижитал шилжилтийг манлайлах эрхэм зорилго тавиад байна

Банкны салбарт технологийн өөрчлөлтийн нөлөө маш өндөр байна. Арван жилийн дараа гэхэд энэхүү өөрчлөлт ямар байх вэ?

Банк, санхүүгийн салбарт дижитал технологийн авчрах өөрчлөлт цаашид үргэлжилсээр байх болно. 10 жилийн дараа гэхэд өмнө нь бидний санаанд ч буухааргүй байсан дижитал, хиймэл оюун, блокчэйний технологиуд бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд гарч ирнэ. Дижитал технологи нь санхүүгийн салбартай маш сайн зохицдог. Голомт банк нь финтек компаниуд, ББСБ, үнэт цаасны компаниудтай хамтран ажиллаж, харилцагчдад хүртээмжтэй нэг цэгийн үйлчилгээ хүргэхээр зорьж байна. Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн үед маш хурдацтай өсөж байгаа. Энэхүү өсөлт мөн технологийн тусламжтай улам эрчимжихээр байна.

Голомт банк өөрсдийгөө “Нээлттэй банк” хэмээн тодорхойлоод байгаа. “Нээлттэй банк” гэж яг юу вэ?

“Голомт банк "Нээлттэй банк"-ны стратегийг авч хэрэгжүүлж байгаа. "Нээлттэй банк" гэдэг нь банкны хувьд олон талаараа нээлттэй байхыг илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт санхүүгийн үйлчилгээний бусад салбаруудтай идэвхтэй хамтран ажиллахад нээлттэй хандана. Тодруулбал финтек компаниуд, ББСБ, үнэт цаасны компаниудтай өөрсдийн цахим платформоор дамжуулан хамтран ажиллах юм. Хоёрдугаарт бид харилцагчдад чиглэсэн үйлчилгээгээ сайжруулахад нээлттэй хандана.

Түүнчлэн бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй идэвхтэй хамтарч, харилцагчийн бизнесийн тэлэлтэд нэн чухал мэдлэгийг хуваалцаж, солилцдог. Гуравдугаарт, бид ялангуяа IPO-оор дамжуулан олон нийтэд илүү нээлттэй болно. Бид илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай зарчмаар олон нийт, зах зээлтэй харилцаж ажиллана. "Нээлттэй банк" стратегийн хүрээнд бид итгэл хүлээсэн түншүүд, үнэ цэнтэй харилцагчдадаа зориулан үүд хаалгаа нээх юм”

Ачаа хөнгөрөв

Тээвэрлэлтийн зардал буурснаар барилгын материалын үнэ 2022 оныхтой харьцуулахад 10-15 орчим хувиар буурсныг Barilga.mn мэдээлэв. Тухайлбал 80 хувийг нь импортолж, үлдсэнийг нь дотоодоос хангадаг арматурын үнэ IV сарын байдлаар 2.8 сая төгрөг болж буурчээ. Харин үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилийн хэрэглээнээс хоёр дахин илүү гараад байгаа цементийн үнэ сүүлийн байдлаар нэг тн нь 428 мянган төгрөг байна.

Тендерийн хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа. Тус хуулинд Төрийн өндөрлөгүүд, УИХ болон ЗГ-ын гишүүд, Засаг дарга нар, түүний эхнэр, нөхөр, хамаарал бүхий этгээд тендер болон төрийн оролцоотой төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгажээ.

Малпасын залгамжлагч

Дэлхийн банк дараагийн Ерөнхийлөгчөөрөө АНУ-ын санал болгосон нэр дэвшигч Ажай Бангаг сонголоо. Ингэснээр Жо Байдены засаг захиргаа Дэлхийн банкны анхаарлыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төвлөрүүлэх боломжтой болж байна гэсэн үг юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпас бүрэн эрхийн хугацаанаасаа жил гаруйн өмнө ажлаа өгөхөөр болсноо зарласны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Mastercard”-ийн Гүйцэтгэх захирал асан Ажай Бангаг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байв. Шинэ Ерөнхийлөгч таван жилийн хугацаатай үүрэгт ажлаа зургаадугаар сарын 2-нд хүлээн авах аж.

Дуусах болоогүй

"Бидэнд туулах зай их байгаа учир ингээд зогсоно гэж байхгүй” хэмээн Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөснийхөө дараа мэдэгдэж, инфляцыг хазаарлах тэмцэл нь дуусгавар болоход хол байгааг бататгав. Бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шийдвэрийг бараг 100 хувийн саналаар гаргасан бөгөөд түүгээр зогсохгүй зарим гишүүд илүү өндөр дүнгээр өсгөхийг дэмжиж байсныг тэрбээр онцолсон байна.

Төсөөлснөөс дээгүүр

“Apple”-ийн улирлын орлого, цэвэр ашгийн үзүүлэлт төсөөллөөс давсан нь ухаалаг утасны салбарыг бүхэлд нь хамарсан уналтыг “iPhone” харьцангуй сайн тэсвэрлэж байгаагийн дохио болжээ. Санхүүгийн жилийн хоёрдугаар улиралд компанийн орлого 94.8 тэрбум ам.долларт хүрсэн бол борлуулалт нь 2.5 хувиар унажээ. “Apple”-ийн зүгээс борлуулалтын уналт нь дээрх тооноос даруй хоёр дахин их байх төлөвтэйг хөрөнгө оруулагчдадаа анхааруулж байв.

Нисдэг тракторууд

Фермерүүд дрон ашигладаг болоод 20 гаруй жил өнгөрч байгаа ч голчлон агаарын зураглал буюу тариалангийн талбайг агаараас хянаж, хаана ургац сайн, эсвэл муу байгааг илрүүлэхэд ашигласаар ирсэн юм. Харин өдгөө гар ажиллагаа шаарддаг фермийн ажлуудад зориулан дроныг загварчлах болжээ. Тухайлбал шарилж болон шавж устгагч шүрших, бордоог өндөр нарийвчлалтайгаар цацах, түүгээр зогсохгүй тариалалтын улиралд үр тараан суулгах ажлыг дрон хийж байна. Эдгээр хөдөө аж ахуйн дронуудыг үйлдвэрлэгчдийн нэг “Hylio” стартапын “Өд шиг хөнгөн нисдэг трактор” хэмээн тодорхойлсон 700 дрон одоогоор 283 мянган га газрын тариалалтад тусалж байгаа аж.

 BloombergTV.mn танд санал болгож байна

  • Олон улсын худалдаа, төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь нэмэгдэж байна

  • Боловсролын байгууллага өмчийн бүх хэлбэртэй байж болохоор хуулийн төсөлд тусгажээ

  • БНХАУ-д "Mercedes-Benz"-ийн уламжлалт загваруудын эрэлт өндөр хэвээр байна

Онцлох чарт

Бизнесийн томчууд руу хайр найргүй дайралт хийдгээрээ алдартай активист хөрөнгө оруулагч, тэрбумтан Карл Айканы хувьд Уолл Стритийн хамгийн айдас төрүүлэм хүн байх ёстой байв. Гэтэл “short” арилжаагаар мэргэшсэн “Hindenburg Research”-ийн зүгээс түүний хөрөнгө оруулалтын компани болох “Icahn Enterprises”-ийг Понзи схемтэй төстэй бүтэц ашиглаж өнөөгийн амжилтад хүрсэн хэмээн буруутгаснаар Айканы хөрөнгө лхагва гарагт 10 тэрбумаар хорогджээ. Энэ талаар Bloomberg-ийн шинжээчид “Анчныг өөрийг нь намналаа” хэмээн бичиж байна.