- Business newsletter
- Posts
- 2023/05/04
2023/05/04
Гурван өгүүлбэрээр
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох заалт бүхий ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Монгол Улсын экспорт оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 81.6 хувиар өсөв.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 5-5.25 хувийн түвшинд хүргэлээ.
76-aaс 152
УИХ-ын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгож, гишүүдийн тоог 152 болгож хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх заалт бүхий Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ЗГ-аас УИХ-д өргөн барилаа. Одоогийн парламентын сул тал нь цэвэр системийн асуудалтай холбоотой гэж үзэж байгаа юм. Тухайлбал:
1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй байхаар тогтооход нэг гишүүн 20 гаруй мянган иргэнийг төлөөлж байсан бол одоо энэ тоо 44.7 мянган болж нэмэгдсэн тооцоолол гарсныг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн хуульч Н.Энхцэцэг өгүүлж байв.
Үүнээс гадны Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд 2023 оны намар сонгууль болох тухай асуудлыг үгүйсгэж, сонгууль хугацаандаа болно гэдгийг тодотгосон байна.
Байр суурь
“Манайх улс төрийн мөчлөгөөр явдаг эдийн засаг учраас сонгуулийн болон сонгуулийн өмнөх жил төсөвт хүчтэй нөлөөлдөг. ЗГ-ын хувьд хоёр сонголтын зааг дээр ирчхээд байна. Нэг нь гэвэл тойргуудаа бодох, олон жижиг төслүүд эхлүүлэх, мөнгө тараах гэх мэтээр хүмүүст таалагдах арга. Гэхдээ энэ нь манай урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцэхгүй. Хэрвээ улс орныхоо хөгжлийг бодож байгаа бол 2024 оны төсөв аль болох дэд бүтэц, бүтээн байгуулалтад чиглэсэн төсөв байгаасай гэж найдаж байна” хэмээн эдийн засагч Ч.Хашчулуун “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Экспортын сэргэлт
БНХАУ цар тахлын хязгаарлалтуудаа цуцалж, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр түвшинд хадгалагдаж буй энэ үед Монгол Улсын экспортын орлого энэ оны эхний дөрвөн сард 5.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 81.6 хувиар өслөө. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам доллар буюу 95.1 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ. Нүүрсний цахим арилжаанууд явагдсан дээрх хугацаанд 19 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн байна.
Алт худалдан авалт
Монголбанк IV сард 998.8 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх сараас 1.9 хувиар бага хэмжээ боллоо. Энэ хугацаанд Төв банкны алт худалдан авах дундаж үнэ 224,794 төгрөг байсан бөгөөд дээрх хэмжээний үнэт металл худалдан авахад 141.2 тэрбум төгрөг төлжээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд 20 орчим хувиар өсөөд байсан алтны үнэ энэ оны IV сард нэг унц нь 0.3 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Entrée, ОТ-н хэлцэл
“Entrée Resources” компанийн 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны алдагдал өмнөх оны мөн үеэс 50 хувиар нэмэгдэж, 0.9 сая ам.доллар болжээ. Компани өөрийн 100 хувь эзэмшдэг “Шивээ толгой” болон “Жавхлант” уул уурхайн лицензүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэхээр “Эрдэнэс Оюу Толгой”-той хэлцэл хийж байгаа. Тус талбайнуудад хийх хайгуулын хайгуулын хөтөлбөр болон төсвийн танилцуулгыг хоёр компанийн хамтарсан менежментийн хороонд хүргүүлэх ажлууд эцэслэх шатандаа орсныг мөн тайланд дурджээ.
ОТ I улиралд
Тэгвэл нэгдүгээр улиралд “Оюу Толгой” компани татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 89 сая ам.доллар буюу 312 тэрбум төгрөг төлснөө үйл ажиллагааны тайландаа мэдээлжээ. Харин олборлолтын хувьд баяжуулах үйлдвэрт засвар хийгдсэн, хүдрийн дундаж агуулга өндөр байсан зэрэг хүчин зүйлсээс хамаарч нэгдүгээр улиралд олборлосон зэсийн хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 41 хувиар өссөн байна.
Хүлээлт ёсоор
Зах зээлд давамгайлж байсан хүлээлтийн дагуу АНУ-ын Холбооны нөөцийн банк ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 5-5.25 хувийн түвшинд хүргэлээ. 1980-аад оноос хойш бодлогын хүүгээ ингэж эрчтэй чангаруулаагүй байсан тус банкны тэргүүн хүүгээ өсгөхөө зогсоож магадгүй гэсэн дохиог мөн өгсөн байна. Бодлогын хүүгийн энэхүү түвшин инфляцыг 2 хувьд аваачих зорилтыг нь биелүүлэхүйц хангалттай өндөр эсэхэд одоо үнэлгээ хийж байгаагаа Жером Пауэлл мэдэгдээд, инфляц өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байвал бодлогын хүүгээ бууруулахгүйг мөн анхааруулсан байна.
Кремль дэх халдлага
Кремль дэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордон руу хоёр дроноор довтолсон халдлагыг Украины талаас зохион байгуулсан гэх Москвагийн мэдэгдлийг Украины Ерөнхийлөгч В.Зеленский үгүйсгэсэн байна. “Бид Путин руу, эсвэл Москва руу довтолдоггүй. Бид өөрсдийн нутаг дэвсгэрээ хамгаалан тулалдаж байна” хэмээн тэрбээр өгүүлээд Кремлийн зүгээс дайны талбар дахь ялагдлуудаа хаацайлахын тулд Оросын иргэдийн анхаарлыг өөр тийш чиглүүлэхийг оролдож байна гэжээ. Мягмар гарагийн шөнө Кремлийн ордонд дроноор цохилт өгөх оролдлогыг таслан зогсоосноо ОХУ мэдээлсэн бөгөөд халдлагад Украиныг буруутгаад байсан юм.
Хамгийн ухаалаг хот
“IMD”-ийн “Smart City Index 2023” үнэлгээгээр Швейцарын Цюрих хот сүүлийн дөрвөн жил дараалан 141 хотоос нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Харин хоёрдугаарт мөн л дөрвөн жил дараалан удаалсан Норвегийн Осло хот орсон бол гуравдугаарт жагсаалтад шинээр багтсан Австралийн Канберра хот бичигджээ. Швейцарын Цюрих хотын хувьд эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, ажил эрхлэлт, сургуулийн боломж, засаглал зэрэгт технологийн шийдлийг сайн нэвтрүүлсэн үзүүлэлттэй байгаа нь жагсаалтыг тэргүүлэхэд голлон нөлөөлжээ. "Ухаалаг хотын индекс" нь 141 хотын эдийн засаг, технологийн мэдээлэл болон тухайн хотын оршин суугчид хотоо хэр “ухаалаг” гэж үзэж буй төсөөллөөр хотуудыг эрэмбэлдэг аж.
Рональдо, дараа нь Месси
Саудын Арабын зүгээс Аргентины хөл бөмбөгийн супер од Лионель Мессид жилийн 400 сая ам.долларын гэрээтэйгээр тус улсын лигт тоглох санал тавихаар бэлтгэж байна. Гэрээ байгуулах яриа хэлэлцээнд Мессигийн эцэг оролцож байгаа бөгөөд амжилттай болбол үнийн дүнгээрээ К.Рональдогийн 2025 он хүртэл Саудын Арабд тоглохоор үзэглэсэн 200 сая ам.долларын гэрээг хол хаях юм. Аргентины домогт хөл бөмбөгчний хувьд одоо тоглож буй Парис Сен-Жермен клубын удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Саудын Араб руу ниссэн гэх шалтгаанаар хоёр долоо хоногийн турш тоглолтод оролцохгүй байх шийтгэл амсаад байгаа юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
COP28-ийн дарга Аль-Жабер шатах түлшийг аажмаар халахыг уриаллаа
Унаа дуудлагын эрэлт өндөр байгаагаас “Uber”-ийн орлого шинжээчдийн хүлээлтийг давав
Орон сууцны үнийн өсөлтийн улмаас Европын “Алтан виз” хөтөлбөр мартагдаж байна