- Business newsletter
- Posts
- 2023/05/03
2023/05/03
Гурван өгүүлбэрээр
ЭЗХЯ: Хөрөнгө оруулалтын тухай хуулинд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг суулгаж өгч болохгүй.
Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга байгааг судалгаагаар тогтоожээ.
Хиймэл оюуны “загалмайлсан эцэг” гэгддэг эрхэм өөрийн хийж бүтээсэн зүйлдээ харамсаж эхэлснээ илэрхийлэв.
Хөрөнгө оруулалт ба татвар
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд найман гол чиглэлийг тусгаад байгааг Эдийн засаг хөгжлийн яамнаас мэдээллээ. Үүнд олон улсын арбитрт хандах, төрийн хяналт шалгалтын давхардал, газрын асуудал, хөрөнгө оруулалтыг хориглосон хязгаарлалтыг арилгах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.
Тодруулбал гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын хэмжээ болох 100,000 ам.долларын босгыг байхгүй болгох, мөн газрын харилцааны хувьд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д газар ашиглуулах эрхийг 60+40 жилээр олгохоор тусгаж байна.
Хууль бусаар хөрөнгө хураан авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар Монгол Улс эрсдэлтэй орны тоонд багтсан тул энэ талын харилцааг зохицуулах тогтолцоог бий болгох зэрэг зохицуулалтуудыг мөн багтаажээ. Түүнчлэн хуулийг дагалдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Газрын тухай, Аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай зэрэг 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байна.
Төв банкнуудын шийдвэр
Дэлхийн томоохон эдийн засгууд өндөр инфляцтай нүүр тулсан энэ үед хөрөнгө оруулагчдын гол анхаарал энэ долоо хоногт гарах Төв банкнуудын шийдвэрт төвлөрч байна. Өнөөдөр шийдвэрээ танилцуулах Холбооны нөөцийн банкны хувьд АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг үл харгалзан дахин нэг удаа бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөх хүлээлттэй байгаа. Харин зээл олголт хумигдаж, эдийн засгийн өсөлтийн эрч суларч байгаатай холбогдуулан ирэх саруудад АНУ-ын инфляц саарах төлөвтэй тул Төв банк цаашид бодлогын хүүгээ өсгөх эрчээ сулруулах эсвэл хэсэг хугацаанд дахин өсгөхгүй байх дохио зах зээлд өгнө гэж эдийн засагчид таамаглаж байна.
Тэгвэл өчигдөр Австралийн Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, цаашид ч мөнгөний бодлогоо чангатгах дохио өглөө. Энэ нь судалгаанд хамрагдсан 30 эдийн засагчийн зөвхөн есийнх нь таамагтай нийцэж байгаа нь гэнэтийн алхам болсныг харуулж байна. Ингэснээрээ тус банк өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийт 11 удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж, 3.85 хувьд хүргэсэн нь 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшин болжээ.
Барилга ба эрсдэл
Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга байгааг Барилга, хот байгуулалтын яамны судалгаагаар тогтоожээ. 2005 он хүртэл нийслэл хотын газар хөдлөлтийн идэвхжил дунд зэрэг байсан бол үүнээс хойш идэвхжил нэмэгдсээр ялангуяа сүүлийн жилүүдэд хотын 150 км-ийн радиуст эрс нэмэгджээ. Улаанбаатарт баригдсан нийт барилгын 87.6 хувь нь 2001 оноос өмнө баригдсан барилгууд бол газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм ба дүрэм 2002 онд батлагдаж байжээ.
Чипийн дайны голомт
ASML-ийн эрчимтэй өсөлт үргэлжилж, Европын хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болсноор АНУ, БНХАУ-ын чипийн өрсөлдөөний өнгийг тодорхойлох статусыг олж авчээ. Автомашин, нисэх онгоцноос эхлээд орчин үеийн хүчирхэг зэвсэг, хиймэл оюунт төхөөрөмжид ашигладаг чипийг өндөр нууцлалтай, дэвшилтэт технологиор үйлдвэрлэдэг Нидерландад төвтэй тус компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой дэд бүтэц хэмээн үзэж байна.
Дональд Трамп, Жо Байден нар чип үйлдвэрлэлээр Хятадыг хэдэн үеэр ардаа орхихын тулд бүгдийг хийсний үр дүнд ASML нь чип үйлдвэрлэгч машинуудынхаа дийлэнх технологийг БНХАУ-д зарах хориотой болсон юм. Тэр дундаа хагас дамжуулагчийн литографийн асар хүчирхэг тоног төхөөрөмжийг зөвхөн ASML л үйлдвэрлэдэг учраас өнөөгийн дэлхий тус компанигүйгээр оршин тогтнохгүй хэмээн “NZS Capital”-ийн шинжээч онцолсон байна.
Жинхэнэ амралт
БНХАУ-д Хөдөлмөрчдийн баярын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд урд хөршийн томоохон хотууд, дурсгалт газрууд сая сая аялагчийн хөлд дарагджээ. Гурван жил үргэлжилсэн цар тахлын хатуу бодлогын дараа тохиосон анхны хорио хязгаарлалтгүй амралт гэдэг утгаараа Хятадын иргэд гэрээсээ гарахаар яарч буй нь дамжигггүй. Өнөөдөр дуусах тав хоногийн амралтын эхний гурван өдөр автомашин, төмөр зам, нисэх онгоц, усан замаар нийт 159 сая удаагийн зорчих хөдөлгөөн хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 162 хувиар өссөн үзүүлэлт аж.
Түгшүүрийн дохио өгч эхлэв
Дэлхий нийтийг хамарсан хиймэл оюуны “халуурал” энэ долоо хоногт жинхэнэ утгаараа хэрэгжсэнээр боловсролын технологийн “Chegg” компанийн хувьцааны ханш ёроолдоо хүрч, “IBM” компани шинэ ажилтан авахаа зогсоож, “Samsung” ажилтнуудаа хиймэл оюунт үйлчилгээ ашиглахыг хориглоход хүргэлээ.
📌 Сурагч, оюутнуудын гэрийн даалгавар, шалгалтын бэлтгэлд туслах цахим сургалтын үйлчилгээ үзүүлдэг “Chegg”-ийн зүгээс дээрх бүгдийг үнэгүй хийж өгдөг “ChatGPT” өсөлтөд нь эрсдэл учруулж байгааг мэдэгдсэний дараа компанийн хувьцааны ханш 48 хувийн уналттай хаагджээ.
📌IBM ирээдүйд хиймэл оюун орлож чадна гэж үзэж байгаа ажлын байрнууддаа шинэ ажилтан авахаа цөөрүүлэх, эсвэл бүрэн зогсоохоор төлөвлөснийг компанийн Гүйцэтгэх захирал Арвинд Кришна мэдэгдсэн. Энэ нь ирэх таван жилд үйлчлүүлэгчтэй харьцдаггүй нийт 26 мянган ажилтны 30 хувийг хамрахаар байгааг тэрбээр онцолжээ.
📌 Нэг инженер нь компанийн өндөр нууцлал бүхий эх кодыг хиймэл оюуны өгөгдлийн санд санамсаргүйгээр оруулсан нь илчлэгдсэний дараа “Samsung” компани ажилтнуудаа “СhatGPT” зэрэг генератив хиймэл оюун ухаант үйлчилгээнүүдийг ашиглахыг хориглолоо.
📌 Аливаа компани ажилтнуудаа хянаж, тандахдаа хиймэл оюуныг ашиглаж байгаа эсэх талаар мэдээллийг Цагаан ордон олон нийтээс цуглуулахаар төлөвлөжээ. Энэ төрлийн автоматжуулсан хэрэгсэл нь ажилтнуудад ноцтой эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн тул ийм тохиолдол гарсан үед даруй мэдэгдэх албан хүсэлтийг олон нийтэд тавьж магадгүй аж.
Хиймэл оюуны загалмайлсан эцэг гэгддэг Жеофри Хинтон “Google”-ийг орхисноо мэдэгдэж, өөрийн амьдралаа зориулсан ажилдаа харамсаж буйгаа илэрхийлжээ. 1970-аад оны үед мэдрэлийн сүлжээний судалгаагаараа хиймэл оюуны хөгжүүлэлтэд нэн чухал хувь нэмрийг оруулж байсан тэрбээр технологийн томоохон компаниуд хиймэл оюуныг олон нийтийн дунд нэвтрүүлэхээр хэт яаравчилж байгааг дурдаад, хиймэл оюун нь шинжээчдийн төсөөлснөөс харьцангуй хурдан хугацаанд хүнтэй ижил ур чадвартай болж байгаа нь “аймшигтай хэрэг” хэмээн тэрбээр “New York Times”-д ярьсан байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспорт тогтвортой байна
Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Codelco”-ийн гарц буурав
АХБ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд 15 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт олгоно