- Business newsletter
- Posts
- 2023/05/02
2023/05/02
Гурван өгүүлбэрээр
“ХААН Банк” хоёр их наяд төгрөг давсан зах зээлийн үнэлгээтэй ХК болов.
IV сард гадаад валютын албан нөөц 3.69 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 14 сарын дээд үзүүлэлт боллоо.
JPMorgan Chase уналтад орсон "First Republic" банкийг ЗГ-ын зуучлалаар худалдан авахаар болжээ.
Түүхэн амжилт
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаа өчигдөр эхлүүлсэн "ХААН Банк" ХК-ийн нэгж хувьцааны ханш 14.91 хувь өсөж 1102 төгрөгт хааснаар хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд төгрөгийг давсан хувьцаат компани боллоо. Түүнчлэн нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 30 гаруй хувиар тэлж, 8.7 их наяд төгрөг болсон нь мөн түүхэн дээд үзүүлэлт болж байна.
Тэгвэл системд нөлөө бүхий банкнуудаас IPO хийх ээлжит банк нь “ХасБанк” болоход нэг алхам ойртжээ. Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болоход шаардлагатай зөвшөөрлөө “ХасБанк” Монголбанкнаас авсан бөгөөд одоо Монголын Хөрөнгийн Бирж болон СЗХ-оос холбогдох зөвшөөрлүүдийг авахаар байгаа юм.
Доллар наашаа…
IV сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.69 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 14 сарын дээд хэмжээ боллоо. ГВАН өмнөх сараас 7.57 хувиар, 2022 оны мөн үеэс 11.58 хувиар өсөхөд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ. Монголбанкны мэдээлснээр оны эхнээс нэмэгдсэн дүнгээр төлбөрийн тэнцэл 79 сая ам.долларын ашигтай гарсан нь 2022 оны эхний улиралд 953.6 орчим сая ам.долларын алдагдалтай байсантай харьцуулахад эерэг үзүүлэлт болсон. Нүүрсний экспортын орлого өсөж буй нь ийнхүү эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлж байна.
Бондын өр төлөв
“Гэрэгэ” бондын төлбөрийн үлдэгдэл болох 368 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсныг сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. “Чингис” бондын 500 сая ам.доллар, "Дим Сам"-ын нэг тэрбум юанийн үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зориулалттай тус бондыг 2017 онд 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэйгээр гаргаж, 800 сая ам.доллар татаж байв.
Байр суурь
"Одоогийн асуудал гэвэл 76 гишүүний дотор 20 сайд ороод ирж байна. ЗГ-аас хууль өргөн мэдүүлэхээр “машиндаад” баталчихдаг. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал салангид байх зарчимтай зөрчилддөг учраас 76 гишүүн багадаж байгаа нь үнэн. Мөн 152 гишүүн төсөвт их дарамт болно гэсэн ойлголт байна. Гишүүн бүр хоёр туслахтай гэж тооцвол 300 орчим ажлын байр шинээр үүснэ. 300 ажилтантай компани Монголд хэд билээ гээд бодох хэрэгтэй. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэгдүүлснээр улсыг хямраах хэмжээний зардал гарчихгүй" хэмээн “Тасралтгүй боловсрол” судалгааны институтын Үүсгэн байгуулагч С.Өнөр "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Өндөр идэвхтэй сар
IV сард МХБ-д нийт 219.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдэж, сарын дүнгээр дээд үзүүлэлт болоход “ХААН Банк” анхдагч зах зээлийн арилжаагаар 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь голлон нөлөөлжээ. Гол үзүүлэлтээс онцолбол, “Топ 20” индекс 37,700 нэгжийн түвшинд арилжааг хаасан нь өмнөх сарын түвшнээс ойролцоогоор 2.9 хувиар өссөн дүн болов.
Itools-ийн зорилт
“Айтүүлс” ХК 2023 онд нийт борлуулалтын орлогыг 18 хувиар өсгөх, тэр дундаа клауд серверийн борлуулалтыг 66 хувиар өсгөхөөр зорьж байгаагаа үйл ажиллагааны тайландаа мэдээллээ. Цар тахлын үед буурсан харьцаанууд сэргэж, бүтээгдэхүүний нийлүүлэлт өссөнөөр 2022 онд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оноосоо 52 хувиар өсөж 3.8 тэрбум төгрөгт, цэвэр ашиг нь 6.5 дахин өсөж 270.5 сая төгрөгт хүрч байв.
JPMorgan улам томров
"JPMorgan Chase" уналтад орсон "First Republic" банкийг Засгийн газрын зуучлалаар худалдан авахыг зөвшөөрснөөр гуравдугаар сард болсон банк санхүүгийн салбарын хямралаас улбаатай нэгэн том асуудалд цэг тавьжээ. Даваа гарагт зохицуулагч байгууллага "First Republic"-ийн удирдлагыг шилжүүлэн авсны дараа хийгдсэн энэхүү хэлцэл нь АНУ-ын банкны салбарын хямрал дуусгавар болох дөхсөнийг илэрхийлж байгааг "JPMorgan" банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон онцолсон байна.
Тэгвэл энэхүү хэлцэл нь олон талд хохирол дагуулж, хүсээгүй үр дагавар авчирна хэмээн нэрт эдийн засагч Мохамед Эль-Эриан анхааруулж байна. Тодруулбал банкны тогтолцооны төвлөрлийг нэмэгдүүлж, "дампуурахад хэт эрсдэлтэй" том банкнуудыг улам томруулж, зээл олголтын хэмжээг бууруулж ч магадгүй хэмээн тэрбээр үзжээ.
Мөнгөө шавхана
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол VI сар гэхэд Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлж чадахгүй болохоор байгааг Конгрессын гишүүдэд анхаарууллаа. I сард 31.4 их наяд ам.долларын өрийн дээд хязгаарыг давснаас хойш АНУ-ын Сангийн яам тусгай арга хэрэгсэл ашиглан дефолт зарлахаас сэргийлэхийн зэрэгцээ ЗГ-ыг үйл ажиллагааг санхүүжүүлж байв. Харин одоо мөрдөгдөж буй өрийн хязгаарын дагуу VI сарын 1-нээс хойш тусгай арга хэрэгслээр дамжуулан ЗГ-ыг санхүүжүүлэх боломжгүй болохыг тэрбээр өгүүлсэн байна.
Баффетыг дага...
АНУ-ын эдийн засгийн айсуй уналтаас хөрөнгө оруулагчид болгоомжлох нь нэмэгдэж, тойрч гарах арга замуудыг эрэлхийлж буй энэ үед гурван санаа "шигшигдэж" үлдээд байна. Тэдгээр нь хамгаалалтын хувьцаа, япон компаниуд, мөн Уоррен Баффет. "Bloomberg MLIV Pulse"-ийн судалгаанд оролцсон 352 хөрөнгө оруулагчийн талаас илүү хувь нь “Berkshire Hathaway”-ийн хувьцаанаас хүртэх нэмэгдэл өгөөж өндөр байх бөгөөд ялангуяа ирэх таван жилд тус компанийн хувьцааны өгөөж “S&P 500”-ийнхаас давна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эдийн засагчид ирэх онд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 65 хувь гэж үзэж байгаа энэ үед санхүүгийн мэргэжилтнүүд, жижиг хөрөнгө оруулагчид Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын суут ур ухаанд найдлага тавьж буй нь гарцаагүй юм.
Meta-ийн бонд
"Meta" компани таван транч бүхий бондын арилжаагаар 8.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Тэдгээрээс хамгийн урт хугацаатай нь буюу 40 жилийн хугацаатай бонд нь Засгийн газрын бондуудаас 192 суурь нэгжээр илүү өгөөжтэй байх аж. "Facebook"-ийн толгой компанийн хувьд энэхүү хөрөнгийг ирээдүйд хувьцаагаа буцаан худалдан авах, нэгдэн нийлэх хэлцэл, хөрөнгийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Шинэ карьер
БНХАУ-ын хамгийн алдартай бизнесийн манлайлагчдын нэг Жак Ма Токиогийн Их сургуульд зочин профессороор ажиллахаар болжээ. 2020 онд Хятадын зохицуулах байгууллагуудыг шүүмжилж, улмаар “Alibaba”-ийн охин компани болгон байгуулсан “Ant Group”-ийнхээ IPO-г цуцалснаасаа хойш тэрбээр олны нүдэнд харагдах нь эрс цөөрөөд байсан юм. 58 настай Жак Ма голчлон тогтвортой хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн судалгааны ажлуудад оролцож, зөвлөгөө өгч ажиллахаас гадна энтрепренершип, инновацын семинар явуулахыг тус Их сургуулийн зүгээс мэдээлжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Ухаалаг гар утасны эрэлт энэ онд ч сэргэх төлөвгүй байна
БНХАУ-ын сэргэлт удаашрах болгоомжлолын улмаас газрын тосны үнийн уналт 2 дахь 7 хоногтоо үргэлжлэв
Үйл ажиллагааны зардал нь өссөнөөр “Pinterest”-ийн хувьцааны ханш унав
Онцлох чарт
Технологийн компаниуд олон мянган ажилтнаа цомхотголд хамруулж байгаа ч хамгийн өндөр цалинтай дадлагын ажлын байрнууд тус салбарт байсаар байна. Финтекийн "Stripe" болон видео тоглоомын "Roblox" компаниуд ихэвчлэн шинэ төгсөгчид, их сургуулийн оюутнууд бүрдүүлдэг дадлагын ажилтнуудаа сарын 9000 гаруй ам.доллар буюу цагийн 56 ам.доллароор цалинжуулдаг тул энэ үзүүлэлтээрээ АНУ-д тэргүүлжээ.