2023/04/04

Powered by

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж, гадаад шокт өртөмтгий Монгол улсад бизнесийн орчин муудаж буйг олон улсын байгууллагуудын тайлан харуулж байна. Авлигын төсөөллийн индексээр Монгол улсын үнэлгээ сүүлийн жилүүдэд тасралтгүй муудаж, эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж буй энэ үед дотоодын компаниуд бизнесээ зөв чиглүүлж, хөрөнгө оруулалтаа оновчлох тал дээр судалгаатай, ул суурьтай хандах шаардлага нэмэгдсээр буй. Сорилт мундахгүй ч найдвар өгч буй зүйл бас цөөнгүй бий. Тэдгээрийн нэг бол технологи. Судалгааг өндөр чанартай, тогтмол, хялбар байдлаар гүйцэтгэх нь оновчтой шийдвэр гаргалтад чиглүүлнэ. Харин яаж?

Судалгааг ойлгохуй

“Хэнд?”, “юуг?” гэсэн хоёр асуултаар бизнесийг энгийнээр тодорхойлж болно. Тэгвэл зах зээлийн судалгаа гэдэг нь маркетингийн сорилтуудад шийдэл олоход дэм үзүүлэх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаандаа буулгахыг хэлнэ. Төгсгөлгүй үргэлжилдэг үйл явц байдлаар судалгаанд хандах хэрэгтэй. Учир нь бизнес эрхэлж л байгаа бол та бизнесийн орчин, үйлчлүүлэгчид болон тэдний хэрэгцээ, сонголтыг үргэлж судалж, ойлгох шаардлага гарна.

“Deloitte”-ийн 2022 онд хийсэн судалгаагаар нийт оролцогчдын 2/3 нь ирэх хоёр жилд R&D буюу судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтаа өмнөх жилүүдийнхтэй ижил түвшинд хадгална гэсэн бол 25 хувь нь өсгөхөө илэрхийлжээ. Дэлхийн хэмжээнд R&D-ийн зардал 2,000 оноос хойш гурав дахин өсөж, 2021 оны байдлаар 2.3 их наяд ам.долларт хүрснийг “Statista” мэдээлж байна.

Хэрэглэгчдэд өгч буй үнэ цэнээ хэрхэн өсгөх вэ гэдэгт илүү нарийвчилсан судалгаа хэрэг болдог учраас Монголд R&D төсвөө өсгөх чиглэлд ажиллах зайлшгүй шаардлагатайг судлаачид онцолж байлаа.

Чухлыг нь мэднэ, гэхдээ…

Зах зээлийн зорилтот бүлгээ чиглэсэн судалгааг тогтмол (багадаа улирал бүр), системчилсэн байдлаар хийдэг компаниуд өрсөлдөгчдөөсөө илүү хурдтай өсөж, ашигт ажиллагаагаар ч илүү гардгийг “Hinge Marketing”-ийн судалгаа харуулж байна.

“Судалгаатай байснаар нэг өдөр хүмүүс сүүдэрт нь сууж болох модыг тарьж байна гэсэн үг” хэмээн нэгэн нэртэй фирмийн захирал хэлж байжээ. Гэхдээ энэ нь багагүй үнэтэй тусдаг, хяналт удирдлага ихээхэн шаардлагатай үйл явц юм.

Судалгааг тогтмол хийхэд дотоод нөөц бололцоо, хүний нөөцийн дутмаг байдлаас гадна процессын хувьд удаашрал ихтэй, үнэн бодит мэдээлэл гаргах магадлал бага байх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Харин менежмент талаас, өргөн хүрээнд харвал дараах гурван гол сорилтыг нэрлэж болно.

Автоматжуулалт дутагдах. Төслийн нарийн төвөгтэй байдал, оролцогч талуудын тоо зэргийг авч үзвэл судалгаанд автоматжуулалт ашиглах нь тийм ч тохиромжтой биш мэт санагдаж магадгүй. Гэвч үнэндээ ямар ч судалгааны төсөлд олон давтамжтай, хэвшмэл загвартай ажлууд гарч ирэх учраас тэдгээрийг программ хангамжид даатгах шаардлага үүснэ. Технологийн зөв туслалцаа авахгүй байснаар судалгааны бүх элементийг нэгтгэх нь бүтэн цагийн ажил болж хувирна.

Ил тод байдал дутагдах. Эхний сорилтоос улбаалан энэ сорилт гарч ирдэг. Судалгаатай холбоотой мэдээллийг нэгтгэж, хуваалцахад хүндрэл гарч, цаг их авах тусам юу нь болоод, юу нь болохгүй байгааг ойлгоход улам л хэцүү болно. Ил тод бус байснаар үр ашиггүй байдал, илүүдэл зэрэг сөрөг үр дагавар үүснэ.

Интеграц дутагдах. Эхний хоёр сорилтыг шийдээгүйгээс интеграцын дутмаг байдал үүсдэг. Хэдий судалгааг гүйцэтгэсэн ч үр дүн нь байгууллагын шийдвэртэй тогтмол уялдаж, интеграцлагдахгүй. Судалгаанаас мэдээлэл олоход хүндрэл учрах, санааг ажил хэрэг болгох хугацаа хэт урт байснаас судалгаа өөрөө хуучрах зэргээр энэхүү сорилт илэрч болно.

Луужинг дага…

Дээрх бүх бэрхшээлийг боломж болгон харж, хамгийн тохиромжтой бизнес моделийг “Макро Космос” компанийнхан хөгжүүлэн, “Луужин” хэмээх судалгааны цогц, онлайн платформыг бий болгожээ.

Тус компани судалгаанд оролцогч, захиалагч болон гүйцэтгэгч хэмээх гурван талыг хамарсан судалгааны суурь платформыг бий болгох зорилготой бөгөөд "Google Forms", "Survey Monkey" зэрэг дэлхийд тэргүүлэх судалгааны платформын илүү дэвшингүй хувилбарыг гаргаж буй гэдгээрээ дотоодын судалгааны зах зээлд шинэ дэвшил авчирч байна.

Байр суурь

“Ихэнх менежерүүд судалгаанд суурилж бус мэдрэмжээрээ ажилласан хэвээр байгаа юм. Гэвч өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд судалгаа шинжилгээ нь нэг удаад хийгдээд орхигддог төвөгтэй асуудал бус тогтмол хийгдэж, шийдвэр гаргалтыг чиглүүлэх хамгийн чухал зүйл байдаг. Тиймээс хялбар аргаар, богино хугацаанд, өндөр үр дүнтэй зах зээлийн судалгаа хийх боломжийг бүрдүүлэхээр “Луужин” платформын хөгжүүлэлтийг эхэлж, эхний хувилбараа зах зээлд амжилттай танилцууллаа” хэмээн “Макро Космос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Жангармаа өгүүлсэн юм.

Ухаалаг холбоо

Судалгаа захиалах хэрэгцээтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд www.luujin.mn сайтаар хандан, өөрт хэрэгцээтэй судалгааг маш хялбархан авч, үр дүнгээ real-time харах боломжтой. 37,000 гаруй баталгаат хэрэглэгчээс хүссэнээрээ түүвэрлэж, 1000 хэрэглэгчийн судалгааг 10 минутын дотор үүсгэж, үр дүнтэй нь нэн даруй танилцана гэсэн үг юм.

Харин хэрэглэгчдийн хувьд судалгаанд оролцох болгондоо нэмэлт орлого, урамшууллын эрхтэй болох тул судалгаа бөглөхөөс төвөгшөөх явдал гарахгүй. Жишээлбэл, таван асуулттай судалгаа бөглөөд 300-1000 төгрөг, 5 найзаа урьж бүртгүүлээд 5000 төгрөгийг дансандаа шууд авна.

Апп хэрэглэгчдийг KYC , “eMongolia” баталгаажуулалтаар шалгаж, түүврийн чанарыг “Шалгах асуулт”-ын зарчмаар хянаж, нэг хаягийн цаана баталгаат нэг хэрэглэгч байх нөхцөлийг бүрдүүлсэн тул судалгааны үнэн бодит үр дүнд санаа зовох шаардлагагүй аж.

Судалгаанд оролцогч талуудыг ухаалгаар холбож, судалгааг хялбархан оновчтой гүйцэтгэх харилцан ашигт холбоо бүхий цогц шийдэл болсон “Луужин” платформ нь таны эерэг өөрчлөлтийн эхлэл байх болно.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • “UBS” банк “Credit Suisse”-ийг худалдан авсныхаа дараа ажиллах хүчээ 20-30 хувь цомхотгоно

  • БНХАУ “Micron Technology”-ийн импортод кибер аюулгүй байдлын шалгалт хийж эхэллээ

  • “Huawei”-ийн бүтэн жилийн ашиг сүүлийн 10 жилд анх удаа буурав

Сарыг зорих 4

Ирэх онд “Artemis II” нислэгээр сар руу нисэх багийн гишүүдийг NASA нэрлэлээ. Виктор Гловер, Жереми Хансен, Рейд Уайсман, Кристина Хэммок Кох гэсэн дөрвөн сансрын нисэгч 10 хоногийг дэлхийн дагуулын ойр орчимд өнгөрүүлээд дэлхийдээ буцан ирэхээр болжээ. Кохын хувьд дэлхийн тойрог замаас гарч сансрын гүнд орсон анхны эмэгтэй хүн болох бол Гловер мөн адил аяллыг хийсэн анхны өнгөт арьстан болох аж. Харин 2025 онд товлосон “Artemis III” хөөргөлтөөр NASA саран дээр хагас зууны дараа дахин хүн буулгахаар төлөвлөөд байгаа билээ.

Тоглоогүй байгаа даа…

"Twitter"-ийн нүүр хуудас дээрх цэнхэр шувууны дүртэй товч интернэтэд алдартай нохойны meme зургаар солигдсоны дараа түүний нэрээр нэрлэгдсэн криптовалют болох "Dogecoin"-ийн үнэ 30 гаруй хувиар өсөж, 10.2 цент болсон байна. 2013 онд анх хошигнол байдлаар гарч байсан тус токенийг "Twitter"-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск үргэлж сурталчилсаар ирсэн бөгөөд өдгөө зах зээлийн үнэлгээгээрээ наймдугаарт бичигддэг криптовалют болоход багагүй үүрэг гүйцэтгэсэн юм.

Видео энтрепренер

Нийгмийн сүлжээний платформуудад нийтлэх зорилгоор анхаарал татсан, сонирхолтой контент бүтээх нь компани үүсгэн байгуулагч, энтрепренер болгоны хувьд тийм ч амар ажил биш. Тэгвэл яг энэ чиглэлд гараа сунгах зөвлөхүүдийн тоо нэмэгдсээр байна. Instagram, TikTok болон YouTube-д хэсэгхэн хайлт хийгээд үзэхэд л шинээр гарч ирж буй үй олон бизнесүүдэд үйлчилгээ үзүүлж, ашиг олох зорилготой коуч нар хэдэн арваараа гарч ирнэ.

Зорилтот зах зээлдээ хүргэх мессежийг нь “хурцлах” тал дээр энтрепренеруудад тусална гэдэг шинэ зүйл биш боловч сүүлийн үед видео контентын ач холбогдол улам бүр нэмэгдсээр буй. Стэнфордын бизнесийн сургуульд байгууллагын зан төлөвийн чиглэлээр багшилдаг Мэтт Абрамсын хэлж байгаагаар бол компани байгуулж буй хүмүүс storytelling буюу түүх өгүүлнэ гэж юу болох талаар мэдлэг, ойлголтгүй байх нь элбэг аж. Харин хийц сайтай, тухайн хүний хувийн туршлага, түүхийг харуулсан видео контент нь тодорхой холбоог бий болгож, итгэл төрүүлдэг бөгөөд дампуурах магадлал өндөр байдаг стартапуудын хувьд чухал гэдгийг АНУ-ын “Babson College”-ийн Энтрепренер, манлайллын хөтөлбөрийн тэргүүн Донна Левин онцолж байна.