2022/10/05

Гурван өгүүлбэрээр

Төлбөрийн тэнцлийн алдагдал даамжирсан нь гадаад валютын албан нөөцийн хэмжээ эрчимтэй буурахад нөлөөлөв. Санхүүгийн байдал тааруу орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд нийт 1.1 их наяд ам.долларын нэмэлт зардал гарахаар байна. Илон Маск Twitter-ийг $44 тэрбумаар авахаар дахин "хөөцөлдөж" эхлэв. 

Гадаад валютын нөөц

Он гарснаас хойш тасралтгүй буураад байсан Гадаад валютын албан нөөцийн хэмжээ сарын дүнгээр 3.7% буюу бага зэрэг өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.16 хувиар буурсан байна. Импортоор авч буй бараа үйлчилгээний өртөг, зардал нэмэгдсэнээр төлбөрийн тэнцлийн алдагдал даамжирч, гадаад валютын нөөц буурахад нөлөөлжээ. Нүүрсний экспорт эрс өссөн ч гаднаас орж ирэх гадаад валют төсөвт орлого болж үлдэхээс илүүтэй буцаад үйчилгээ, техникийн төлбөрт урсан гарч байгаа нь гол асуудал болж буй.

$1 их наядын нэмэлт "ачаа"

Шинээр бонд гаргах Засгийн газрууд болон компаниуд өмнө гаргасан үнэт цааснуудтай харьцуулахад 156 суурь нэгжээр өндөр хүү төлөхөөр байгааг “Bloomberg”-ийн тооцоолол харуулж байна. Хэрэв одоо байгаа бүх бондуудыг дахин санхүүжүүлбэл нийт 1.1 их наяд ам.долларын нэмэлт зардал гарахаар байгаа аж. Монгол Улс 2023 онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, мөн "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах хуваарьтай байгаа юм.

Төлөвлөгөө давж биелэв

Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар Монгол Улс 18.8 сая тонн нүүрс экспортлоод байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн дүн төдийгүй нүүрсний экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелсэн гэсэн үг аж. Энэ онд боомтуудын нөхцөл байдал сайжирч, экспорт нэмэгдсэнээр 20 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжтой харагдаж байна. Харьцуулбал Монгол Улс өнгөрсөн онд 15.6 сая тонн нүүрс экспортолжээ.

Алдагдалтай төмөр зам

ОХУ-ын талаас "Улаанбаатар Төмөр зам" ХНН-ийн тарифыг нэмэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээлэв. Учир нь УБТЗ зорчигч тээвэр нь 60 хувийн алдагдалтай ажилладаг, мөн дээрээс нь эрчим хүчний нүүрс, хүнсний бүтээгдэхүүнээс 40 хувийн алдагдал хүлээдэг гэжээ. Тиймээс эхний ээлжинд экспортын ачаа, транзит ачаан дээр тарифнэмж, орлогоор нь УБТЗ-ын парк шинэчлэлтийг хийнэ хэмээн салбарын сайд өгүүлэв.

Байр суурь

"Монголын үйлдвэрлэгчид Европт бараа бүтээгдэхүүнээ таниулах тал дээрх миний хариулт таатай санагдахгүй л болов уу. Учир нь Монголын бизнес эрхлэгчид бүгд л тухайн зах зээл нэвтрэхийн тулд тус тусдаа өрсөлдөх хэрэгтэй гэж боддог. Гадаадын зах зээлд нэвтрэхийн тулд компаниуд хамтран ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллаж байж л нийтээрээ ашиг хүртэнэ. Жишээлбэл, Монгол улс сарлагийн хөөвөр гэх маш сайхан бүтээгдэхүүнтэй. Харин Европт сарлагийн хөөвөр гэж юу байдгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр хэрэглэгчдэд тайлбарлаж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Тус тусдаа 10 компани 10 удаа бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж байснаас яагаад бөөнөөраа хамтран нэг л удаа тайлбарлаж болохгүй гэж" хэмээн “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ-ын зөвлөх Карл Э.Круг Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.

Маск Twitter-ийг дахин "хүсэв"

Тэрбумтан Илон Маск Twitter-ийн нэгж хувьцааг 54.20 ам.доллароор үнэлэн авах анхны саналаа сэргээлээ. Ингэснээр 44 тэрбум ам.долларын дуулиант хэлцлийг цуцлах байр сууринаасаа ухарч, хууль шүүхийн өртөг өндөртэй "тулаан"-аас мултарч магадгүй болов. Даваа гарагт Илон Маск саналаа "Twitter"-т захидлаар илгээсэн бол компанийн зүгээс анхны тохиролцсон үнээр хэлцлийг дуусгахыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.  Энэхүү мэдээллийн дараа Twitter-ийн хувьцааны ханш 22% өсжээ. 

Яарвал даарна

Бүрэлдэхүүндээ нэгтгэснээ тунхаглаад буй Украины дөрвөн мужийн хоёрынх нь хил хязгаар хаанаас эхэлж, хаана дуусаж буйг Кремлийн эрх баригчид мэдэхгүй хэвээр байна. Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх дөрвөн муж “Үүрд ОХУ-ын бүрэлдэхүүн” болсныг мэдэгдсэн ч тэдгээрийн хилийн шугамыг яг хаагуур татах тухай тодорхой болгоогүй. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Херсон, Запорожье мужуудын хилийн шугамыг тогтоохдоо тухайн нутгийн иргэдтэй зөвшилцөж байж шийднэ" гэснээс өөр тодорхой хариулт өгөөгүй аж.

"Rivian"-ийн найдлага сэргэв

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Rivian" компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээ зарлаад зогсохгүй энэ онд 25 мянган автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө хэвээр үлдээлээ. Тус компани III улиралд нийт 7363 нэгж автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх улирлаас бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Энэхүү мэдээлэл гарсны дараа "Rivian"-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид 8.8 хувиар өсжээ. 

Америкийн зах зээлийг эзэлнэ

"Samsung" компани АНУ-ын чип худалдан авагчдыг татах таван жилийн төлөвлөгөө баталлаа. Үүний тулд дэвшилтэт технологийг чухалчилж, 2027 он гэхэд ердөө 1.4 нанометр өргөнтэй транзистор үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Мөн тус компанийн чип үйлдвэрлэлийн нэгж нь 2027 онд орлогынхоо хэмжээг одоогийн түвшнээс гурав дахин нэмэгдүүлэхээр ажиллаж буйг мэдээлжээ.

Зан төлөвтөө таарсан ажил хийцгээе! 

Та одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу? Хэрэв үгүй бол таны ажил зан төлөвтэй тань тохирч буй эсэхийг бодож үзсэн үү? Австралийн судлаачид Twitter ашигладаг 128,000 хүнийг сонгон, эрхэлдэг ажлыг нь 3,500 ангилалд оруулж, тэдний зан төлөвийн анализыг хиймэл оюун ухаан ашиглан хийжээ. Ингээд тухайн хүний ур чадвар, туршлагаас илүүтэй зан төлөв нь ажлын байран дээрх сэтгэл ханамжид нөлөөлдөг хэмээн дүгнэсэн байна. Жишээлбэл илэн далангүй, нарийн ширийн зүйлсийг анхаардаг, удирдлагаа хүндэлдэг хүмүүс оффис менежер, онгоцны үйлчлэгч, гоо сайханчийн мэргэжилд илүү амжилт гаргадаг. Харин дизайнерууд, бүтээлч захирлууд, гүйцэтгэх продюсерууд ихэвчлэн бусдыг сайн сонсож, бусдын хэрэгцээ, мэдрэмжийг сайн ойлгодог хүмүүс байдаг гэнэ.

Нобелийн шагналтнууд тодорч эхлэв

2022 оны Анагаах ухааны Нобелийн шагналыг хүний эволюцын сэдвээр судалгаа хийсэн Шведийн генетикч Сванте Паабо, харин Физикийн шагналыг квант механикийн чиглэлээр судалгаа хийсэн Францын эрдэмтэн Ален Аспет, АНУ-ын физикч Жон Клаузер, Австрийн эрдэмтэн Антон Зейлингер нар хүртэхээр боллоо. Сванте Паабо нь “устаж үгүй болсон хоминидуудын геном болон хүний эволюц” сэдвээр нээлт хийсэн бөгөөд үр дүнд Неандерталь хүний геномын дарааллыг тогтоосон юм. Харин Физикийн шагналын эзэд болсон эрдэмтдийг "Беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолж, квантын технологид үнэтэй хувь нэмэр оруулсан" хэмээн үнэлжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Онцлох чарт

"Зомби" койнууд

Виртуал хөрөнгийн уналтын улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд 12,100 крипто токен арилжигдаагүйг тооцоолон гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэдгээр нь устаж алга болоогүй ч “Zombie” шиг идэвхгүй хэлбэрт шилжээд байгаа аж. Нэг сарын турш арилжаалагдаагүй токенууд “Zombie” ангилалд шилждэг бөгөөд энэ онд ийм токенуудын тоо өмнөх онуудын дүнг нийлүүлснээр хоёр дахин нэмэгдээд байна.