2022/10/04

Гурван өгүүлбэрээр

Монголбанкнаас ипотекийн зээлийн дээд хэмжээг Улаанбаатар хотод 150 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 9-р сард өмнөх сараасаа 3.7% өслөө. “MSCI All-Country World” индекс 2008 оны хямралаас хойш анх удаа гурван улирал дараалан буурав.

Валютын нөөц - шинэ тоо

Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 9 дүгээр сард 2.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараасаа 3.7% өссөн байна. Он гарснаас хойш тасралтгүй буураад байсан нөөцийн хэмжээ сарын дүнгээр бага зэрэг өссөн ч өмнөх оны мөн үеэс 33.16%-ийн бууралттай байна. Импортоор авч буй бараа үйлчилгээний өртөг, зардал нэмэгдсэнээр төлбөрийн тэнцлийн алдагдал даамжирч, гадаад валютын нөөц буурахад нөлөөлж буй. Эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ, үнийн дүн өсөж, гадаад худалдаа сүүлийн саруудад ашигтай гарч байгаа ч төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсээр байна.

Үнийн өсөлт ба ипотек

Олон улсын байгууллагууд төсвийн шинжтэй арга хэмжээ санхүүжүүлэхгүй байхыг зөвлөж байгаа энэ үед Монголбанкнаас ипотекийн зээлийн дээд хэмжээг аравдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Бодлогын хүү орон сууцны зээлийн хүүнээс 4-6 нэгж хувиар өндөр байгаа үед арилжааны банкнууд зээл олгох нь алдагдалтай байгаа нь үүнд нөлөөлжээ. Мөн орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд нь зээлийн батлан даалт гаргаж болохоор зохицуулсан байна.

AНУ-д нүүрсний үнэ өсөв

Олон улсад эрчим хүчний хомсдол нүүрлэснээр хамгийн их бохирдол ялгаруулдаг түлш болох нүүрний эрэлт нэмэгдэж, АНУ-д үнэ нь анх удаа $200 давлаа. Төв Аппалачийн нүүрсний спот үнэ өнгөрсөн 7 хоногт тонн нь $204.95 болж өссөн бөгөөд энэ нь 2005 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. АНУ-ын цахилгаан станцуудын хувьд нүүрс хамгийн гол түлш хэвээр байгаа юм.

Дайны дундах өсөлт

“Gazprom” компани цэвэр ашгийнхаа бараг тал хувийг буюу 20.8 тэрбум ам.долларыг 2022 оны эхний хагас жилийн ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэв. Хэдий хориг арга хэмжээ, гадаад орчны таагүй нөхцөл дунд байгаа ч тус компанийн орлого болон цэвэр ашиг түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Эхний хагас жилд “Gazprom” компани 39.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Хоёр дахь интервенц айсуй

Иений ханш ам.долларын эсрэг дахин суларснаар Японы засгийн газар энэ онд хоёр дахь удаагаа ханшийн интервенц хийх хүлээлт бий болоод байна. Энэ оны турш 21 хувиар унаад буй иений ханш сүүлийн байдлаар ам.долларын эсрэг 0.4 хувиар суларч, хослол 145.30 болсон байна. “Хэт нэг тал руу хэвийсэн хөдөлгөөн ажиглагдвал бид хэрэгтэй үед нь шийдэмгий арга хэмжээ авах болно" хэмээн Япон улсын Сангийн сайд Шүничи Сүзүки онцоллоо.

2008 он дахин давтагдах уу?

Хөрөнгийн зах зээл дахин нэг ширүүхэн улирлыг үдсэнээр энэ онд дэлхийн компаниудын үнэлгээнээс 24 их наяд ам.доллар арчигдаад байна. Дэлхийн тэргүүлэх хувьцаануудын мэдээллийг нэгтгэн тооцдог “MSCI All-Country World Index” гурван улирал дараалан бууралттай гарсан нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших анхны тохиолдол боллоо. Өндөр инфляц хадгалагдаж, ам.долларын ханш өсөж, Төв банкнууд бодлогын хүүгээ нэмж буй нь үүнд нөлөөлжээ.

"Дараагийн Хятад"

Ази тивд БНХАУ-ын компаниудын хувьцаа зогсолтгүй унаж байгаа нь хөгжиж буй зах зээл дэх тэдний хамгийн том өрсөлдөгч Энэтхэгт ховорхон боломжийг олгов. “MSCI India Index” бараг 10 хувийн өсөлттэйгөөр энэ улирлыг хаасан бол нөгөө талд “MSCI China Index” 23 хувиар унасан байна. Өөрөөр хэлбэл Энэтхэг Хятадаас 33 нэгж хувиар илүү гарсан нь 2000 оны гуравдугаар сараас хойших хамгийн хол зөрүү аж.

Том амбиц

"Sony Group" ирэх оны гуравдугаар сар гэхэд 2 сая ширхэг PlayStation VR2 төхөөрөмж үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед нэлээд том зорилт болж байна. Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа борлуулалтын өсөлтөөс хамаарч үйлдвэрлэлийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар тус компани төлөвлөжээ.

Өвлийн урт аялал

Монгол улсын иргэд Тайланд улсад 45 хоног визгүй зорчих боломжтой боллоо. Тус улс аялал жуулчлалын оргил сарыг тохиолдуулан 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд ийнхүү визгүй зорчих хугацааг сунгаж байгаа. Мөн энэ сараас эхлэн цар тахалтай холбоотой жуулчдад тавих шаардлагаа сулруулж, вакцины гэрчилгээ, пср болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэх зэргийг цуцалсан байна.

Нойр нэгдүгээрт

Уламжлалт ажлын таван өдрөөс дөрвөн өдөр лүү шилжсэн ажилтнууд шинээр гарч ирсэн чөлөөт цагаа голчлон унтахад зарцуулж байна. Тодруулбал долоо хоногт 32 цаг ажилладаг болсон хүмүүс нэг шөнө дунджаар 7.58 цагийн нойр авч буйг "Boston College" 180 гаруй байгууллагад хийсэн судалгаагаар тогтооожээ. Энэ нь өмнөх ажлын 40 цагтай долоо хоногоос даруй нэг цагаар илүү байгаа аж. Өөрөөр хэлбэл бусад ажлаа амжуулж, найзуудтайгаа уулзахын оронд сул гарсан найман цагийнхаа бараг долоог нь унтаж өнгөрүүлж байгаа аж.

Ким ба крипто

Ким Кардашьян АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны нэхэмжлэлийн хүрээнд 1.26 сая ам.долларын төлбөр төлөхөөр боллоо. Түүнийг төлбөр авсан гэдгээ мэдэгдэлгүйгээр крипто токен сурталчилж, холбогдох журмыг зөрчсөн хэмээн үзсэн байна. Тодруулбал тэрбээр EthereumMax-ийн гаргадаг EMAX токены сурталчилгааг инстаграм хуудастаа оруулж, 250 мянган ам.долларын хөлс авсныг мэдээлжээ. Кимийн хувьд одоогоор зохицуулах байгууллагын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эсвэл үгүйсгэх байдлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд аливаа виртуал хөрөнгийг сурталчлахгүй байхаар тохиролцоод байгаа аж.

Үнэ цэнээ алдахгүй хөрөнгө оруулалт

Hermes брэндийн гар цүнх Пүрэв гарагт Парис хотноо болсон Sotheby’s дуудлага худалдаагаар 352,800 еврогоор /346,802 ам.доллар/ зарагдаж, шинэ дээд үзүүлэлт болсон байна. Энэ нь хөрөнгө оруулагчид болон чинээлэг худалдан авагчдын дунд ховор, тансаг бүтээгдэхүүн тэр дундаа брэндийн цүнх нь үнэ цэнээ үл алдах хөрөнгө оруулалтад зүй ёсоор багтаж буйн ээлжит нотолгоо болжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Өнөөдрийн онцлох чарт