2022/10/03

Гурван өгүүлбэрээр

Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсад $100 саяын санхүүжилт батлав. Их Британийн "FTSE Russell" Монголын хөрөнгийн биржийн ажиглагчийн статусыг нэмэгдүүлж "Frontier Market" буюу эрсдэл өндөртэй ч өсөлтийн боломж нь мөн өндөр зах зээлийн ангилалд оруулaхаар болов. Монгол Улсад оршин суух хүсэлт гаргаж буй ОХУ-ын иргэдэд зохих ангиллын зөвшөөрөл олгож, уян хатан зохицуулалт хийнэ

Айсуй $100 сая

AIIB буюу Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсад 100 сая ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөр баталснаа 9 дүгээр сарын 29-ний өдөр вебсайтаараа дамжуулан мэдээллээ. Цар тахал болон макро эдийн засгийн бусад сорилтуудаас үүдсэн "хос шок"-ийн нөлөө Монгол улсын эдийн засагт нүүрлээд байгааг албан мэдээндээ дурджээ. Энэхүү хөтөлбөрийг АХБ хамтран санхүүжүүлж байгаа аж.

БНСУ ба PCR шинжилгээ

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00.00 цагаас эхлэн цуцалж байгаагаа мэдэгдсэнийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ. Ингэснээр БНСУ-д ирж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал өгөх шаардлагагүй болж байгааг Монцамэ уламжлав.

Эрсдэл өндөр, боломж ч өндөр

Лондонгийн хөрөнгийн биржийн индекс болон лицензийг гаргадаг салбар нэгж "FTSE Russell" Монголын хөрөнгийн биржийн ажиглагчийн статусыг нэмэгдүүлж, "Frontier Market" ангилалд оруулахаар боллоо. Тус байгууллага нь олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтарч улс орнуудын зах зээлийг "өндөр хөгжсөн"-өөс "хөгжиж буй" хүртэлх дөрвөн ангилалд багтаадаг. Харин "Frontier Market" гэдэг нь эрсдэл өндөртэй ч тэр чинээгээр өндөр өсөлт үзүүлэх боломжтой зах зээлийг хэлдэг байна.

Монголд үлдэхэд нээлттэй

Монгол Улсад оршин суух хүсэлт гаргаж буй ОХУ-ын иргэдэд зохих ангиллын зөвшөөрөл олгох шийдвэр гаргасныг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ. Тодруулбал хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүлийн шалтгаанаар амьдрах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалт хийх юм байна. Есдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх хугацаагаа сунгуулсныг мэдээлжээ.

Ачаа тээвэрт асуудал учрах уу?

Владимир Путин барууны орнуудын ачаа тээврийн зарим автомашиныг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг хориглох зарлигт пүрэв гарагт гарын үсэг зурав. Энэ нь ОХУ-д бүртгэлтэй ачааны машинуудыг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон Европын Холбооны шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ аж. Ингэснээр Европоос ОХУ-ын газар нутгаар дамжин Монголд хүрэх ачаа тээвэрт тодорхой хэмжээнд нөлөөлөх эрсдэл үүсэж байгаа юм.

Нэг алхам ойртов

Канадын Юконы нутаг дэвсгэр дээрх Дээд шүүхээс “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн нэгж хувьцааг 43 канад доллароор авах саналд урьдчилсан захиалгын зөвшөөрөл олголоо. Ингэснээр “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийх нөхцөл бүрдэж байна. 43 канад доллар бол жижиг хувьцаа эзэмшигчдэд шударга санал гэж “Rio Tinto”-ийн зүгээс үзэж байгаа.

ESG - гол эрсдэл, бас боломж

"Ernst & Young” байгууллагын судалгаагаар 2023 онд дэлхийн уул уурхай, металл үйлдвэрлэлийн компаниудад тулгарах гол эрсдэл нь “ESG” (БОНЗ) буюу байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур хэвээр байна. Харин геополитик, уур амьсгалын өөрчлөлт нь энэ шалгуурын дараа оржээ. Сонирхолтой нь уул уурхайн компаниудыг хүлээж буй хамгийн том боломж нь мөн л БОНЗ-ын шалгуур гэж дүгнэсэн байна.

Gazprom гар татсангүй

ОХУ-ын байгалийн хийн салбарт тэргүүлэгч Gazprom компани 2022 оны эхний хагас жилийн ногдол ашигт 20.8 тэрбум ам.доллар хуваарилахаар өнгөрсөн Баасан гарагт шийдвэрлээд байна. Энэ нь тус компанийн түүхэнд төдийгүй ОХУ-ын хөрөнгийн биржийн түүхэнд хувьцаат компани анх удаа ийм өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилсан тохиолдол болж байна.

Бэлэн мөнгө дахин хаан ширээнд

Бодлогын хүү өсөж буй өнөө үед хөрөнгө оруулагчид алдагдлаас хамгаалах бүтээгдэхүүнүүд рүү хошуурч байна. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн чангаруулснаар бэлэн мөнгө олон арван жилийн дараа анх удаа найдвартай, эрсдэл багатай хөрөнгийн хэлбэр болжээ. Иймээс бондын хугацаа дуусах хүртэл хүлээгээд хүүгийн орлогоо авах нь зөв стратеги гэж үзэх болсон тул АНУ-ын биржээр арилжаалагддаг сангуудад энэ онд 32 тэрбум ам.доллар орж ирээд байна. Мөн АНУ-ын мөнгөний зах зээлийн сангуудад одоогоор байршиж буй хөрөнгө 4.6 их наяд ам.доллар болж, 2020 оны 4.8 их наяд ам.долларын дээд түвшинд дөхөөд байгаа аж.

Цаг цагаараа байдаггүй...

"Meta" компани түүхэндээ анх удаа ажилтнуудынхаа тоог цөөрүүлж, багуудаа шинэчлэн зохион байгуулах замаар зардлаа танахаар төлөвлөснийг компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг мэдээллээ. Үүний дагуу шинэ ажилтан авахаа зогсоосноор 2023 онд компанийн бүтэц энэ жилийнхээс илүү цомхон болох төлөвтэйг тэрбээр мөн өгүүлсэн. Энэхүү алхам нь нийгмийн сүлжээний аварга компанийн эрчимтэй өсөлтийн үе дууссаныг илтгэж байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

Өнөөдрийн онцлох чарт

Энэ 7 хоногт

Даваа: Нобелийн шагналтнуудыг зарлаж эхэлнэ. Нобелийн энх тайвны шагналтны нэр Баасан гарагт тодрох нь.

Мягмар: Австралийн төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ зарлана.

Лхагва: OPEC-ийн өргөтгөсөн бүлгийн хурлаар газрын тосны гарцын талаарх шийдвэрээ танилцуулна. Өдрийн гарцаа 1 сая баррелиар бууруулахаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ өсөөд байна.

Пүрэв: Евро бүсийн жижиглэн худалдааны үзүүлэлт, АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоон үзүүлэлт зарлагдана.

Баасан: Арилжаанд оролцогчдын голлон анхаарч байдаг тоонуудын нэг болох АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлтийг танилцуулна. Мөн БНХАУ-ын гадаад валютын албан нөөц, ОХУ-ын инфляцын мэдээлэл гарна.