2022/09/30

Гурван өгүүлбэрээр

Өрхийн нийт орлогын 5.5 хувийг эзэлж буй цахилгаан, дулааны төлбөрийг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжид худалдан борлуулж буй үнэ тарифыг чөлөөлөхөөр 2023 оны төсвийн төсөлд тусгасан гэж Сангийн сайд мэдэгдэв. Импортоор орж ирж буй автомашиныг насжилтаас нь хамааран онцгой албан татварыг нь нэмнэ. Монгол улсын гадаад өрийн дарамт хэвээр өндөр хэвээр байгааг Монголбанк онцлов.

Төсвийн төслийн эргэн тойронд...

2023 онд эдийн засгийг тогтворжуулахын тулд төсөв болон мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн алдагдлыг 900 тэрбум төгрөгөөр бууруулан дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцүү хэмжээнд хүргэхээр төлөвлөснийг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ. Харин 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй бөгөөд зөвхөн шилжиж байгаа болон дуусаагүй төслийн зардлыг тусгажээ. Ингэснээр 2024 оноос төсвийн хөрөнгө оруулалтын ачаалал эрс буурах боломжтой гэж үзсэн байна.

Түгжрэл ба эдийн засгийн хөшүүрэг

Импортоор орж ирж буй автомашины насжилтаас хамааран онцгой албан татварыг нь нэмэхээр ирэх оны төсөвт тусгаад байна. Ингэхдээ эдэлгээ ихтэй байх тусмаа их татвар төлөх зохицуулалт хийхээр байгаа аж. Мөн хоёр ба түүнээс дээш автомашин хэрэглэж буй хэрэглэгчдийн татварыг нэмэхээр төлөвлөж байна.

Үрэлгэн төсөв = Өрийн дарамт

Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр байгааг Монголбанк Санхүүгийн тогтвортой байдлын тайландаа оруулсан байна. Хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэж, ханш суларсан нь гадаад өрийн үйлчилгээний дарамтыг нэмэгдүүлээд буй. Тиймээс нийт өрийнх нь дийлэнх хувь нь гадаад валютаар нэрлэгдсэн Монгол Улсын хувьд эдгээр хүчин зүйлүүдэд хамгийн эмзэг байгааг Азийн хөгжлийн банк анхаарууллаа.

$ орж ирэх ч хангалттай юу?

Ирэх оноос өмнө Монголд 800 орчим сая ам.долларын гадаад валют орж ирэх хүлээлттэй байна. Тэр үед валютын орох урсгал тогтворжиж, валютын захад үүсээд байгаа хомсдол арилах болохыг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдсэн. Гэхдээ ирэх 2-4 сарын валютын орох урсгал буюу $1.2-$1.3 тэрбум нь импортын 2 сарын хэрэгцээг л хангахаар байгааг Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх Г.Маргад хэлж байна. Түүний дүн шинжилгээг долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр Bloomberg TV Mongolia телевизээр хүлээн авч үзэх боломжтой. 

Нүүрсний уурхай ба БНХАУ

Ирээдүйд шинээр нээгдэх нүүрсний уурхайнуудын бараг гуравны нэг нь Хятадынх байх төлөвтэй. Цаг уурын өөрчлөлтийн гамшигт нөлөөнөөс сэргийлэхийн тулд хамгийн их бохирдол ялгаруулагч түлш болох нүүрсний хэрэглээг халах шаардлага нэмэгдэж буй ч гол нийлүүлэгч БНХАУ-ын гарц нэмэгдсээр байх нь. Global Energy Monitor-оос гаргасан дата мэдээллийг харвал 2022 оны эхэн үеийн байдлаар БНХАУ-ын төлөвлөгдсөн нүүрсний  уурхайнуудын гарц  559 сая тоннтой тэнцэж байгаа бөгөөд үүнийг дэлхийн хэмжээнд харвал 29%-ийг бүрдүүлж байна. БНХАУ 2021 онд 4.01 тэрбум тонн нүүрс олборложээ.

Анагаахын салбарын түүхэн ололт

АНУ-ын биотехнологийн “Biogen” болон Японы “Eisai” компаниудын хөгжүүлж буй “Lecanemab” эм нь альцгеймер өвчний явцыг удаашруулж байгааг клиникийн шатны туршилтаар тогтоосон байна. Тус өвчнийг эмээр анагаах оролдлогууд өмнө нь үргэлж бүтэлгүйтэж байсан тул энэ нь маш том ололт амжилтад тооцогдож байна. Уг мэдээлэл гарсны дараа “Biogen” компанийн хувьцааны ханш 40 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 11 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Онцлох факт

Лабораторийн туршилтад ашиглах сармагчин дутагдах болсон нь эм, вакцины хөгжүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Цар тахлын дараа БНХАУ макака сармагчны экспортоо зогсоосноор лабораториудад хүндээр туссан байна. Үүнээс шалтгаалж нэг сармагчныг худалдан авах үнэ цар тахлын өмнөх үеэс хоёр дахин нэмэгдэж, 35 мянган ам.доллар хүрээд байгаа аж.

Бодит байдалтай эвлэрцгээе

"Toyota" компани дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныг үйлдвэрлэлийнхээ цөм хэсэг хэвээр үлдээж, бүрэн цахилгаан хөдөлгүүр рүү шилжиж буй өрсөлдөгчдөө дагахгүй байхаар шийдвэрлэжээ. Цахилгаан автомашины шилжилт бодит байдал дээр хэвлэлийнхний бидэнд итгүүлэхийг оролддогоос удаан хугацаанд биеллээ олохоор байна хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Акио Тоёода учирласан байна. Мэдээж ойрын жилүүдэд үйлдвэрлэх цахилгаан автомашины төрлүүдээ нэмэх ч хосолмол хөдөлгүүрт, устөрөгчийн хөдөлгүүрт болон уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныг мөн санал болгохоо өгүүлжээ.

Цагаачид тавтай морил

Энэ оны хоёрдугаар улиралд Канад улсын хүн ам 284,982-аар буюу 0.7 хувиар өсөж, нийт хүн амын тоо 38.9 саяд хүрсэн байна. Энэ нь 1957 оноос хойших нэг улирлын хамгийн хурдацтай өсөлт болжээ. Гэхдээ энэ удаагийн өсөлтийн бараг бүх хувийг цагаачид бүрдүүлсэн гэдгээрээ онцлог аж.

Porsche = $73 тэрбум

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Европт хийгдээгүй хамгийн том IPO Porsche-ийнх байлаа. Эхний арилжаагаар хувьцааных нь ханш өссөн бөгөөд эрэлт өндөр байснаас шалтгаалан захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын бараг тал нь гар хоосон хоцорчээ. Ийнхүү домогт 911 загварыг үйлдвэрлэгч Porsche-ийн үнэлгээ $73 тэрбум болоод байна. 

$159 мянгын үнэтэй шинэ BMW

“BMW” компани хурд, хүч сайтай “M” цувралынхаа хосолмол цахилгаан хөдөлгүүртэй анхны загвараа танилцууллаа. “BMW"-ийн шинэ "XM” загвар нь цахилгаан үүсгүүр бүхий V8 хөдөлгүүр, найман шатлалт хурдны хайрцагтай, бүх дугуйн хөтлөгчөөр тоноглогджээ. Мөн 644 морины хүчтэй тул 100 км/цагийн хурдыг дөрвөн секундийн дотор авах боломжтой аж.

NFT ба 97%-ийн бууралт

Саяхан л бараг хүн бүрийг хошууруулж байсан NFT-ийн халуурал бараг бөхөөд байгааг "Dune Analytics"-ийн тайлан харуулжээ. Нэгдүгээр сард дээд цэгтээ хүрч байсан NFT-ийн арилжааны хэмжээ түүнээс хойш 97 хувиар буурсан байна. Тодруулбал энэ үзүүлэлт нь оны эхэнд 17 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол есдүгээр сард 466 сая ам.доллар болтлоо буурчээ.

BloombergTV.mn танд санал болгож байна