- Business newsletter
- Posts
- 2022/09/29
2022/09/29
Гурван өгүүлбэрээр
УИХ сүүлийн 3 жилд Монголбанкны "гар хөлийг тушсан" бодлого хэрэгжүүлснийг ОУВС шүүмжлэв. БНХАУ-ын эдийн засагт дефляц үүсэх эрсдэл бий болсон нь судалгаанаас харагдав. "Nord Stream"-д гэмтэл гарснаар Европын эрчим хүчний хямрал даамжирлаа.
Алдагдлаа бууруулахгүй бол...
Олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагууд Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө бууруулаад буй. Харин ОУВС Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө нэг хувиас 2.5 хувь болгон нэмэгдүүллээ. Гэхдээ төсвийн алдагдлаа бууруулахгүй бол бодлогын хүүг цаашид өсгөх шаардлагатай нүүр тулна гэж тус байгууллага анхааруулж байна.
ОУВС-аас УИХ-д дайсан үг
"УИХ сүүлийн 3 жилд Монголбанкны гар хөлийг тушсан бодлого хэрэгжүүлсэн. Ингэснээр Төв банкийг нэг гараараа мөнгө зээлж, нөгөө гараараа мөнгөний бодлогыг чангатгахад хүргэж байгаа юм. Монголбанк одоогоор ийм нөхцөл байдалд орсон дэлхийн цорын ганц Төв банк болоод байна. УИХ-ын үйлдлүүд нь төв банкны тухай хуульд заагдсан зохицуулалттай зөрчилдөж байна. Энэ нь Төв банкийг хүсээгүй үедээ эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шахаж байгаа. Ийм ч учраас УИХ-аас сүүлийн хэдэн жил хэрэгжүүлэхийг шаардсан хэтийдсэн бодлогуудыг зогсоох нь одоо шийдэл болоод байгаа" хэмээн ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи Лхагва гарагт мэдэгдэв
"Rio Tinto"-ийн сонирхол
"Rio Tinto" Монгол, АНУ-аас гадна бусад улсуудад зэсийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгааг тус компанийн эрдэс хариуцсан захирал С.Кауфман мэдэгдлээ. Тус компани цэнэг хураагуур үйлдвэрлэл, ногоон шилжилтэд чухал ач холбогдолтой эрдэс, металлуудын олборлолтод анхаарал хандуулж буй. Ялангуяа сүүлийн үед лити зэрэг цэнэг хураагуурын металлын төсөл хэрэгжүүлэх, уул уурхайн овоолгоос эрдэс гарган авах төслүүдэд анхаарч байгааг дурдсан байна.
Гурилын үнэ нэмэгдэх нь
Гурилын үнэ тонн нь ₮1.6-₮1.8 сая хүртэл буюу 50 гаруй хувиар үе шаттай нэмэгдэх нөхцөл байдал үүссэнийг "Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо" мэдэгдлээ. Бордоо, түлш шатахууны үнэ, ажиллах хүчний зардал өссөний улмаас улаан буудайн үнэ өнгөрсөн онтой харьцуулбал 71 хувиар өссөн нь үүний шалтгаан болж буй аж. Гурил үйлдвэрлэгчид өнгөрсөн онд улаан буудайг 700 төгрөгөөр худалдан авч, нэгдүгээр гурилаа кг-ыг нь 1100-1200 төгрөгөөр борлуулж байжээ.
Цуурхлыг дарсан нь...
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын эхээр болсон ШХАБ-ын чуулга уулзалтаас хойш анх удаа олны өмнө гарсан байна. Тэрбээр Бээжинд зохиогдож буй БНХАУ-ын сүүлийн 10 жилийн ололт амжилтыг танилцуулах үзэсгэлэн дээр зочилсон аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний эрх мэдэл ганхсан, түүгээр зогсохгүй БНХАУ-д Төрийн эргэлт гарсан гэх цуурхал цахим орчинд тараад байв.
№2 эдийн засгийг чиглүүлэх хүн
Ши Жиньпиний хувьд эдийн засгаа тэлэх асуудлыг бусад зорилгуудаасаа дээгүүр тавих уу гэдэг дээр эргэлзээ нэмэгдэж байгаа энэ үед тэрбээр эдийн засгийн зөвлөхөөрөө шинэ хүн томилж магадгүй байна. 40 гаруй жилийн өмнөөс Ши Жиньпинийг мэддэг болсон Хэ Лифэн нь олон улсын хөрөнгө оруулагчдад танигдсан нэгэн бөгөөд одоогоор Хятадын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороог удирддаг. Тэрбээр эдийн засгийн өсөлтийг нэгдүгээрт тавихаа мэдэгдсэн нь анхаарал татаж буй.
Дайран дээр давс...
ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг гол хоолойнууд задарсан нь өдгөө үүсээд буй эрчим хүчний хямрал дээр нэрмээс болов. Балтын тэнгист “Nord Stream”-ийн гурван хоолойноос зэрэг шахуу хий алдагдаж эхэлсэн нь техникийн гэмтэл гэхээс илүүтэй хорлон сүйтгэх ажиллагаа гэж Европын удирдагчид үзэж байна. Европын эдийн засаг энэ онд нэг хувиар буурч, IV улирлаас эдийн засгийн агшилт эхэлнэ хэмээн “Bloomberg Economics”-ийн шинжээчид тооцоолжээ.
Онцлох зураг
“Nord Stream”-аас алдагдсан хий тэнгисийн мандал руу гарч 700 метр өргөнтэй хөөсөн оргилуур үүсгээд байна. Мөн тус хэсгээс хамгийн хортой хүлэмжийн хий болох метан хий ялгарч байгаа юм. Сейсмологчид мягмар гарагт Балтын тэнгисийн ёроолоос хүчтэй дэлбэрэлтийн чичирхийлэл мэдрэгдсэнийг баталжээ.
iPhone 14 хүлээлтэд хүрсэнгүй юу?
"Apple" компани энэ онд "iPhone 14" утасны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө цуцалсан байна. Тус компани "iPhone 14"-ийн эрэлт огцом өснө гэсэн хүлээлттэй байсан ч биеллээ олоогүй тул энэ шийдвэрийг гаргасан аж. Оронд нь дээрх хугацаанд 90 сая нэгж буюу өмнөх оны мөн үетэй ойролцоо тоогоор үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Үр дүн нь тодорхой санал асуулга
Кремлиэс Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх санал асуулгын үр дүнг танилцууллаа. НҮБ-ын "хууль бус" гэж үзэж буй уг санал асуулгаар Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын иргэдийн дийлэнх нь ОХУ-д нэгдэх санал өгснийг зарлажээ. Энэхүү алхам нь Украины дайны нөхцөл байдлыг улам аюултай түвшинд аваачиж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
“TMK Energy” компани Монгол дахь хайгуулын эхний хөтөлбөрөө бүрэн хийж гүйцэтгэснээ зарлалаа.
БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо ирэх оны хавар сулруулах төлөвтэйг “Morgan Stanley” онцлов.
Монголын коксжих нүүрсний ханш өндөр хэвээр байгааг “SXCoal” мэдээллээ.
Монгол Улсын иргэдийн худалдан авах чадвар 11 хувиар буурсныг Дэлхийн банк мэдэгдэв.
Манайд инфляц, танайд дефляц
БНХАУ-ын эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, цар тахлын үргэлжилсэн хязгаарлалтуудаас шалтгаалсан сул эрэлттэй зэрэгцэн дефляц үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг CBBI байгууллагын судалгаа харуулсан байна.
Сүүлийн гурван сард БНХАУ-ын компаниудын борлуулалтын өсөлт 2020 оны эцсээс хойших доод түвшинд хүрч саарсан, орон сууцны үнэ 12 дахь сардаа дараалан бууралттай гарсан нь дефляцын дарамтыг нэмж буй гол хүчин зүйлс болж байна. Мөн сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой хөдөлгөгч хүч байсан экспортын эрэлт мөн буурах хандлагатай болжээ.