- Business newsletter
- Posts
- 2022/09/28
2022/09/28
Шинэ newsletter мэндэллээ!
Bloomberg TV Mongolia телевиз нь бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, зах зээлийн тоглогчдод хүргэж буй мэдээллээ улам бүр хүртээмжтэй болгох үүднээс "Мөнгөний Урсгал" ньюслеттерээ өргөн барьж байна. Бид дотоодын эдийн засаг, зах зээл, бизнесийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон бүтээлч контентуудыг мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэдэг бөгөөд үүн дээр нэмээд дэлхийн 120 хотоос 2700 гаруй сурвалжлагч, шинжээчдийн ирүүлдэг дүн шинжилгээ бүхий мэдээ, мэдээлэл нь таныг илүү ухаалаг шийдвэрт хөтөлнө гэдэгт итгэж байна. Мөн бид дэлхийн санхүүгийн зах зээлд ил тод байдлыг авчирч, хувьсгал хийсэн Bloomberg Terminal-ийн мэдээллийг ашиглаж буй гэдгээрээ давуу талтай.
Гурван өгүүлбэрээр
Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө, харин ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө тус тус буурууллаа. Долоо хоногийн дотор манай улс нэг сая тонн нүүрс экспортлов. Ам.долларын ханш чангарах нь эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэйг "Morgan Stanley" анхааруулав.
Чамлахаар өсөлт
Хилийн боомтын саатал, импортын хүнс, шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар л өснө гэж Дэлхийн банк тооцоолжээ. Тиймээс Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах шаардлага нэмэгдэж байгааг онцолсон. Харин 2023-2024 онд “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт эрчимжиж 6 хувьд хүрнэ гэж үзэж байна.
Tөлбөрийн тэнцлийн хүндрэл & хямрал...
Эдийн засагт чухам ямар асуудал үүсээд байна вэ? Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй нүүр тулаад байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал 2022 оны эхний долоон сарын байдлаар 1.32 тэрбум ам.доллар болж, түүний шууд тусгал гадаад валютын нөөц буурахад нөлөөлж байна. Гадаад валютын нөөц 2021 оны тавдугаар сард 4.9 тэрбум ам.доллар, 2021 оны эцэст 4.4 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны долоодугаар сарын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буурлаа. Энэхүү статистикийг харахад төлбөрийн тэнцлийн хямрал бий боллоо гэж дүгнэхэд хараахан эрт боловч энэ хурдаар алдагдал үргэлжилж, гадаад валютын нөөц буурах тохиолдолд хямрал болох эрсдэл бас холгүй байна. Энэхүү эрсдэлээс зайлсхийхийн тулд бодлогын тохиргоо зайлшгүй боллоо.
Дайны төлөөс
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ) дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө өмнөх 2.8 хувиас 2.2 хувь болгон бууруулсан байна. ОХУ Украинд халдан довтолсноос үүдэлтэй эдийн засгийн цохилт эрчим хүчний хомсдолыг дагуулж, дэлхий даяар амьдралын өртгийн хямрал бий болгосон нь ЭЗХАХБ-ын төсөөллөөс тодорхой харагджээ.
Экспортын сайн мэдээ
Монгол Улс есдүгээр сарын 16-22-ны хооронд 1316 автомашин, 402 чингэлэг тээврээр нэг сая 28 мянган тонн нүүрс экспортолсон байна. Мөн энэ он гарсаар нийт 17.8 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 48 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 2022 оны II улирлаас нүүрсний экспорт бага багаар нэмэгдсэн ч БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа илүү эрчимжсэн юм.
Алт сэргэв
Шинэ дээд түвшиндээ хүрээд байсан долларын ханшийн өсөлт зогсож, сүүлийн 2 жил гаруйн хамгийн доод түвшиндээ очоод байсан алтны үнэ эргэн сэргэлээ. Тоон үзүүлэлтийг харвал 1.2% өссөн үзүүлэлттэй байна. Холбооны нөөцийн банкны бодлого тодорхойлогчид үнийн тогтвортой байдлыг сэргээх шаардлагатай гэж мэдэгдсэний дараа шар металлын үнийн өсөлт бага зэрэг саарчээ.
Хэрэггүй уулзалтууд = $100 саяын алдагдал
Танай компанийн уулзалтууд хэр сайн төлөвлөлттэй, хэр үр дүнтэй байгаа вэ? Захирлуудын хувьд бодох л асуудал. Хурал уулзалтуудын талаар 20 жилийн турш судалгаа хийсэн профессор Стивен Рогелберг 20 өөр салбарынхны дунд санал асуулга явуулж, хурал, уулзалтуудад яг хэр хугацаа зарцуулдаг, үр дүн нь ямар байсан талаар асуусан байна. Ингээд ажилтнууд хурал, уулзалтуудын тоог бараг 30%-иар бууруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. 5,000 болон түүнээс дээш ажилтантай аливаа байгууллагын хувьд үр дүн багатай хурал, уулзалтуудаас болж жилд $100 саяыг алддаг байна.
Хэт баруунтны "зөөлөн" амлалт
Италийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болж буй Жоржиа Мелони сонгуульд ялалт байгуулсныхаа дараа эвлэрүүлэн нэгтгэх өнгө аястай мэдэгдэл хийж, бүх италичуудад зориулсан бодлого явуулахаа амлалаа. Гэхдээ түүнийг Италид Дэлхийн II дайнаас хойших хамгийн барууны үзэлтэй Засгийн газар байгуулна гэж ажиглагчид үзэж байгаа.
Хямдарсан хөлөг онгоц
Өрнөдийн хоригт орсон ОХУ-ын тэрбумтан Дмитрий Пумпянскийн эзэмшилд байсан тансаг хөлөг онгоц 37.5 сая ам.доллароор зарагджээ. Украины дайны үеэр хураагдсан хөрөнгийг анх удаа нээлттэй дуудлага худалдаанд оруулж, эхний мэдүүлсэн үнийн бараг тал дүнгээр зарсан нь энэ аж. 5 тавцантай, 72 метр урттай, усан сан, 3D кино театр бүхий "Аксиома" нэртэй тус хөлгийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм өөрийн болгосон байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
I-VIII сард Монгол Улсын аялал, жуулчлалын салбарын орлого 172 сая ам.доллар хүрчээ
Криптовалют олборлогчид, блокчэйн компаниудад дата төвийн үйлчилгээ үзүүлдэг “Compute North Holdings” компани пүрэв гарагт дампуурлаа зарлажээ.
Ирэх онд хүүхдийн мөнгө хэлбэрээр олгож буй 100 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор Засгийн газрын түвшинд яригдаж байна.
“Inner Cosmos” стартап компани хүний гавлын ясанд электрод суулгах замаар сэтгэл гутралыг анагаах технологи боловсруулж байна.
Долларын ханш чангарах нь юу дагуулдаг вэ?
2022 он гарсаар “Bloomberg”-ийн ам.долларын спот индекс ойролцоогоор 19 хувиар өссөн бол нөгөө талд АНУ-ын хувьцааны индексүүд 23 хувиар буураад байна.
Ам.долларын өндөр ханш санхүүгийн болон эдийн засгийн хямралд хүргэж байсан тохиолдол өмнө нь гарч байсан бөгөөд гол нь ийм үйл явдлыг тооцоолоход хэцүү байдаг аж. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2012 оны Засгийн газрын өрийн хямрал, 2000-аад оны технологийн салбарын хөөсрөл зэрэг жишээнүүд нь ам.долларын ханш эрчимтэй чангарсан цаг үетэй давхцаж байгааг “Morgan Stanley”-ийн шинжээчид онцолсон байна.