- Business newsletter
- Posts
- 1/3/2024
1/3/2024
2023 оны онцлох чартууд
Дараалсан олон цохилтууд зах зээлийг доргиосон жилийг бид үдлээ. АНУ-ын орон нутгийн банкнууд болон Credit Suisse уналтад орж, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал даамжран, Израил-Хамасын дайн дэгдэж, эцэст нь Холбооны нөөцийн банк бодлогоо зөөллөх дохиог өгснөөр 2023 он дуусав.
Эдгээр бүгдээс үүдсэн хөдөлгөөн намжиж, дундаас нь шигшигдэн гарч ирсэн “ялагчид” гэвэл хиймэл оюунт технологи, чип үйлдвэрлэгчдийн хувьцаа, мөн технологийн аварга компаниуд байлаа. Мөн Японы иен өнгөрсөн онд ханшийн уналтаараа тэргүүлсэн, криптовалютууд 2022 оны уналтаасаа сэргэж чадсан зэргийг дурдах хэрэгтэй.
Тэгвэл “Мөнгөний урсгал” цахим товхимлын энэ дугаарт 2024 онд биднийг хүлээж буй хэцүү асуултуудын хариултыг зураглахад дэм болох сонирхолтой трендүүд, хөдөлгөөн, зүй тогтол, дүн шинжилгээ бүхий чартуудыг сорчлон хүргэхээр бэлтгэлээ.
БНХАУ “базаж” байна
Эдийн засгийг ногооруулахад нэн чухал ашигт малтмалуудын олборлолт, боловсруулалтад БНХАУ дэлхийд давамгайлж байна. Тухайлбал 2022 онд дэлхийн газрын ховор элементийн нийт олборлолтын 70 гаруй хувийг тус улс бүрдүүлсэн бол араас нь АНУ, Австрали, Мьянмар зэрэг улс нэлээд зайтай оржээ.
Цэнэг хураагуурт ч мөн адил
Азийн хамгийн том эдийн засагтай тус улс цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг бүх шатанд нь эрхшээж, дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийг аль ч үед хятад түншүүдээс хамааралтай болгожээ.
Хятадын цэнэг хураагуур үйлдвэрлэгчид дэлхий даяар нэгж батарейн нийлүүлэлтийн 80 хувийг хангахын зэрэгцээ үүнийг дэмжих олборлолт, боловсруулалтын сүлжээг дотооддоо улам тэлж байна.
ETF-үүдийн алтан үе
Долоон их наяд ам.доллароор хэмжигдэж буй АНУ-ын биржээр арилжаалагддаг сангуудын хөрөнгө өсөлтийн эрчээ хадгалсаар 2028 онд 15 их наяд ам.доллар хүрнэ гэж "JPMorgan" хөрөнгийн менежментийн мэргэжилтнүүд тооцоолжээ.
Зээлдүүлэгч гүрэн
2000-2021 онд БНХАУ-ын Ардын банк болон Төрийн өмчит банкнууд хөгжиж буй орнуудын Засгийн газарт нийт 240 тэрбум ам.долларыг яаралтай тусламжийн зээл болгон олгосныг Дэлхийн банкны мэргэжилтнүүд тооцоолжээ. Ялангуяа 2016-2021 оны хооронд 22 улсад 185 тэрбум ам.доллар олгосон нь дээрх дүнгийн дийлэнхийг бүрдүүлж байна.
Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаасан хэмээн Монголбанк мэдээлээд буй.
Зэсийн нийлүүлэлтийн хямрал айсуй
2040 он хүртэл илүү ногоон дэлхийг бүтээхэд зэсийн нийлүүлэлт зургаан сая тонн орчмоор дутна гэж “Wood Mackenzie”-ийн шинжээчид тооцоолсон нь энэ хугацаанд дахиад “Оюу Толгой” шиг 12 орд үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэтэл “BloombergNEF”-ийн тооцооллоор бол боловсруулсан зэсийн эрэлт 2040 он гэхэд 53 хувиар өсөх бол уурхайн нийлүүлэлт 16 хувиар л өсөхөөр байна.
Азид өрсөлдөөн нэмэгдэв
Цар тахлын хатуу хязгаарлалт цуцлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч Хятадын хөрөнгийн зах зээлийн өсөлт доогуур түвшинд хэвээр байна. Ялангуяа ДНБ-ээр 1/5-тэй нь, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр 1/3-тэй нь тэнцэх хөрш Энэтхэгийн хувьцаануудтай харьцуулбал ялгаа маш тод байгаа юм.
Тэсрэлттэй өсөлт
Генератив хиймэл оюуны зах зээл өнгөрсөн онд 40 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2032 он гэхэд 1.3 их наяд ам.доллар болж огцом өснө гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. "OpenAI"-ийн "ChatGPT" болон "Google"-ийн "Bard" зэрэг системүүд улам өргөжсөнөөр дээрх хугацаанд хиймэл оюуны зах зээлийн жилийн нийлмэл өсөлтийн дүн 42 хувь байхаар байна. Энэхүү "тэсрэлттэй өсөлт" нь зар сурталчилгаа, үйлчилгээ, банк санхүү гээд салбаруудад томоохон өөрчлөлт авчрахыг онцолжээ.
Зайлшгүй эрсдэл
Хиймэл оюуны тэсрэлт нь өндөр эрчимт бүтээмжийн эрин үеийг түүчээлж, оюуны хөдөлмөр эрхлэгсдэд гүн гүнзгий нөлөө үзүүлэхийг "McKinsey&Co" шинэ тайландаа онцолжээ. Бизнесийн бүхий л үйл ажиллагаа программ хангамжаас улам хамааралтай болсны үр дүнд 4.4 их наяд хүртэлх ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болох төлөвтэй аж. Гэхдээ энэхүү шилжилт нь ажиллах хүч, тэр дундаа автоматжуулалтад өртөх эрсдэл харьцангуй багатайд өмнө нь тооцогддог байсан өндөр цалинтай мэргэжилтнүүдэд ихээхэн дарамт болохыг тайланд дурдсан байна.
Nvidia пуужиндав
Хиймэл оюуны тэсрэлтээс шалтгаалсан орлогын өөдрөг төсөөллийн ачаар чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.доллар давсан. “Алтны ээлжит халуурал айсуй. Харин Nvidia үүнд хэрэг болох бүх хүрз, ёотууг нь зарж байна” хэмээн шинжээч Кристофер Ролланд өгүүлж байв.
Нүүрсний оргил үе
Монгол Улсын экспортын үзүүлэлтийг жинтэй хөдөлгөдөг ганц хүчин зүйл болох нүүрсний экспорт 2024 он буюу сонгуультай жилд төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэгтэй байх нь. Өнгөрсөн онд манай улс 65 сая гаруй тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон билээ.
Шинэ BRICS, шинэ хүч
Шинэ BRICS-11 гэгдэж буй бүлэг ирээдүйд дэлхийн эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлэхээр байгааг Стратегийн болон Олон улсын судалгааны төвийн судлаачид тооцоолжээ. Үүний зэрэгцээ дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 42 хувь, газрын ховор элементийн 72 хувь, манганы нөөцийн 75 хувь, графитын нөөцийн 50 хувь, никелийн нөөцийн 28 хувийг бүрдүүлэх аж.
Алт худалдан авалт
Дэлхийн Төв банкнууд 2023 онд өмнөх тооцооллоос хол давсан хэмжээний алт авч хураасан нь мөнгөний чанга бодлогын дарамтад буй алтны үнэд нэн чухал дэмжлэг болж байна. Есдүгээр сараар эцэслэгдсэн гурван сарын хугацаанд улсууд алтны нөөцөө нийт 337 сая тонноор нэмэгдүүлснийг Дэлхийн алтны зөвлөл мэдээлжээ.
Хятадын ГШХО татрав
Хятадад гадаадын хөрөнгө оруулагчид санхүүгийн эрсдэлгүй байдлыг нэгдүгээрт тавьж, олон жилийн турш хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчинд тооцогдож ирсэн тус улсаас гарцгааж байна. 2023 оны III улирлын байдлаар хөрөнгө оруулагчдын БНХАУ-аас татсан хөрөнгийн хэмжээ оруулсан хөрөнгөөсөө 11.8 тэрбум ам.доллароор давснаар 1998 онд анх бүртгэгдэж эхэлснээсээ хойш ГШХО нь анх удаа хасах утга руу оржээ.
Баффетын стратеги
Уоррен Баффетын “Berkshire Hathaway” АНУ-ын Засгийн газрын богино хугацаатай бонд худалдаж авахаa улам нэмэгдүүлж, хажуугаар нь урт хугацаатай бондууд болон хувьцаанаас зайлсхийх болжээ. Энэ нь домогт хөрөнгө оруулагч дэлхийн эдийн засгийн эргэлтийн цэг ойртсоныг мэдэрч, үүнээс өмнө ханшийн уналттай байгаа үнэт цааснуудыг “хамахаар” хичээж буйн илэрхий дохио гэж болно.
Иен уналтаас гарна
Иен гурван жил дараалж үргэлжилсэн чөлөөт уналтаа 2024 онд зогсоох төлөвтэй байна. Японы төв банк дэлхийд цор ганц болоод буй хасах утгатай бодлогын хүүгийн мөчлөгөөсөө гарч, харин бусад төв банкнууд бодлогын хүүгээ бууруулснаар ирэх онд иений ханш огцом өснө гэж Bloomberg-ийн судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчид санал нэгджээ.
Баярлах болоогүй
Хүн бүр эдийн засаг “зөөлөн газардана” гэсэн хүлээлттэй байвал уналтад бэлдэх хэрэгтэй. Энэ бол сүүлийн жилүүдийн эдийн засгаас үлдсэн сургамж юм. Өнгөрсөн зун АНУ-д инфляц саарч, ажлын байрны тоо хангалттай болж, иргэдийн зарцуулалт хэвийн үргэлжилсэн нь тус улсын эдийн засаг уналтаас зайлсхийнэ гэсэн итгэлийг бэхжүүлээд байна.
Гэхдээ авто үйлдвэрлэлийн салбарын ажил хаялт, оюутны зээлийн эргэн төлөлтийн үргэлжлэл, АНУ-ын засгийн газар санхүүжилтгүй болох зэрэг нь ирэх улирлын ДНБ-ий үзүүлэлтийг нэгж хувиар ч хорогдуулах боломжтой. Эдгээр нь газрын тосны үнийн өсөлт, иргэдийн хадгаламжийн бууралт зэрэг бусад том шоктой давхацсанаар 2024 онд АНУ-ыг уналт руу түлхэж чадахыг “Bloomberg”-ийн шинжээчид бичиж байв.
3