Амралтын дугаар 1210

Амралтын өдрийн дугаар

“Мөнгөний урсгал” цахим товхимлын амралтын өдрийн дугаарт тавтай морил.

Хөрөнгө оруулагчид, мөнгөний менежерүүд, гүйцэтгэх захирлууд зэрэг нөлөө бүхий эрхмүүдийн үнэ цэнтэй ярилцлагууд, бусад мэдээллийг Ням гараг бүр уншигч танд илгээх болно. Ажил хэрэгч танд шинэ долоо хоногоо эрчтэйгээр эхлүүлэх цэнэг өгөхүйц мэдээллүүдийг бид түүвэрлэн хүргэхээр төлөвлөж байна.

Ferrari-ийн CEO өрсөлдөөнд хэрхэн ялдаг вэ?

Бенедетто Вигнатай ногоон шилжилт, тансаг брэнд удирдах ямар байдаг талаар болоод бага зэрэг “солиотой” байх нь бизнест яагаад сайнаар нөлөөлдөг тухай ярилцлаа.

Бенедетто Вигна бол нүргэлсэн их дуутай хөдөлгүүрээрээ алдартай “Ferrari” компанийг цахилгаан шилжилт хийж буй шинэ эринд удирдаж буй гүйцэтгэх захирал юм. Физикч мэргэжилтэй тэрбээр ажлаа аваад 2 жил болж байгаа бөгөөд Блумберг ТВ-ийн Франсин Лакуатай компанийнхаа ирээдүйн талаар болоод өөрийн замналаасаа хуваалцлаа. (Хариултыг богиносгосон болно)

Амжилттай удирдагч байхад юу голчлон нөлөөлдөг гэж та боддог вэ?

Өндөр албан тушаал хашиж байгаа цагт бүхнийг мэддэг юм шиг санагдаж болно. Гэхдээ компани дотор болон компаниас гадуур хүмүүс юу гэж ярьж байгаа талаар үргэлж мэдээлэлтэй, анхааралтай байх хэрэгтэй.

Гүйцэтгэх захирал болмогц харилцагч, түншүүдээсээ холдож тэдний юу хүсэж байгааг эндүүрэх, эсвэл юу зарах ёстойгоо ойлгохгүй байх эрсдэл бий юу?

Энэ бол нэгээхэн эрсдэл. Нийлүүлэгч компаниудаа сонсохгүй байх эрсдэл бас бий. Ажилтнуудаа сонсохгүй байх эрсдэлийг ч мартаж болохгүй. Үүнийг хүн хоёр чих, нэг амтай гэдгээ умартах эрсдэл гэж хэлье.

Хүмүүс эрх мэдэлтэй, ямар нэг том зүйлийн нэгээхэн хэсэг нь гэж мэдэрдэг гэдэг утгаараа та цөөн хүнтэй жижиг багт итгэдэг юм байна, тийм үү?

Ямар нэг шинэ зүйл хийе гэвэл миний хувьд жижиг багт нэг нэмэлт араа байдаг юм шиг санагддаг. Том багт бол та ердөө нэг тоо бөглөж буй мэт санагдана. Харин цомхон багт та ямар нэг байдлаар хувь нэмрээ оруулж буй багийн гишүүн юм. Бас алдаанаасаа илүү хурдан суралцдаг.

Таны хувьд хамгийн том өрсөлдөгч тань хэн бэ? Супер автомашины зах зээлийн хувьд тэгээс эхэлж байгаа компани өрсөлдөх боломж бий юу?

Өрсөлдөгчид хаа сайгүй л байх боломжтой. Хурдтай, ажайл арга барилтай компаниудад үргэлж анхаарал хандуулж байхгүй бол тэд зах зээлд гэнэтийн нөлөө үзүүлж чаддаг. Технологийн салбарт байдаг шиг тийм ч амар биш л дээ. Учир нь технологийн салбарт өв уламжлал тийм ч чухал биш. Харин тансаг брэндтэй компанийн тухайд гэвэл өв уламжлалын тухай ойлголт чухал ач холбогдолтой. Гэхдээ сургамж юу вэ гэвэл жижиг, хурдтай арга барилтай боломжит өрсөлдөгчдөө үргэлж анхаарч байх хэрэгтэй.

Сайн гүйцэтгэх захирал байя гэвэл үнэхээр бага зэргийн солиотой байх хэрэгтэй байх нь ээ?

Байнга сэрэмжтэй байх хэрэгтэй. Хэрвээ та багаа манлайлж яваа бол, мөн статусаа хадгалмаар байгаа бол нэг л зүйл яригддаг: Эргэн тойрондоо болж байгаа бүх зүйлд үргэлж чих тавь.

Одоо бол танай компанийн хамгийн том сорилт байгальд илүү ээлтэй болох шүү дээ?

Байгальд илүү ээлтэй болох нь чухал. Ялангуяа тансаг брэндүүд хэрэгцээ сайн хангадаг, практик ач холбогдол сайтай бүтээгдэхүүн гэхээсээ илүү сэтгэл хөдөлгөсөн, бэлгэдлийн шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас тэр. Олон нийтийн дунд нэр хүндтэй байхад энэ нь чухал ач холбогдолтой. Манайх 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа цэвэр дүнгээр тэглэсэн компани болохыг хүсэж байгаа бөгөөд үүндээ ч тууштай байх болно.

Миний 10 орчим настай хүүхдүүд магадгүй хэзээ ч автомашин жолоодож сурахгүй байх. Энэ нь “Ferrari”-гийн хувьд асуудал болох уу?

Ирээдүйд автомашин барьж чаддаггүй хүмүүс ч байна, бас жолоо барих дуртай хүмүүс ч байх болно. Мөн автомашин жолоодож байхдаа хөгжүүлж болдог ур чадварууд гэж бий. Зарим талаараа хэтэрхий их зүйлийг компьютероор хийж байгаа дэлхий ертөнцөд бид амьдарч байна. Бид хиймэл оюун тэргүүтэй шинэ технологид анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ тэдгээр нь хүмүүсийн ашиглах ёстой хэрэгсэл гэдгийг санаж байх хэрэгтэй. Эсрэгээрээ биш.