Амралтын дугаар 0106

Powered by:

Амралтын өдрийн дугаар

“Мөнгөний урсгал” цахим товхимлын амралтын өдрийн дугаарт тавтай морил.

Хөрөнгө оруулагчид, мөнгөний менежерүүд, гүйцэтгэх захирлууд зэрэг нөлөө бүхий эрхмүүдийн үнэ цэнтэй ярилцлагууд, бусад чухал мэдээллийг амралтын өдрүүдээр уншигч танд илгээх болно. Ажил хэрэгч танд шинэ долоо хоногоо эрчтэйгээр эхлүүлэх цэнэг өгөхүйц мэдээллүүдийг бид түүвэрлэн хүргэсээр байна.

Уулзалтыг ингэж дуусгахгүй ээ хө...

Шелли Банжо, Bloomberg

Ажлын уулзалтын төгсгөлд зохих дүгнэлтийг хийж байхгүй бол ажилтнууд яах учраа сайн олохгүй үлдэж, бүтээмжид сөргөөр нөлөөлж болно.

Факт: Уулзалтуудад өдөрт хоёроос дээш цаг зарцуулах нь бүтээмжид сөргөөр нөлөөлөх талтайг шинээр танилцуулсан нэгэн судалгааны дүнгээс харж болохоор байна.

Уулзалтыг өндөрлөх зөв арга

Нөхөр бид 2 хүүхдүүдээ унтуулахын өмнөх 30 минутыг “хаалтын арга хэмжээ” гэж нэрлэдэг. Таагүй мэдрэмжээ таягдан хаяж, тухайн өдрөө дүгнэж цэгнэх зорилготой манай гэр бүлийн тогтсон нэг заншил байгаа юм.

Гэтэл ажлын уулзалтыг ч мөн адил иймэрхүү байдлаар өндөрлөж байх хэрэгтэй болж таарлаа. Аливаа уулзалтыг төгсгөх зөв болон буруу арга зам гэж байдаг бол (байдаг гэдгийг менежментийн гуру нар хэлдэг), буруу сонголт хийх нь ажилтнуудын бүтээмж болоод сэтгэлзүйн эрүүл мэндийг нь доош татах хүчин зүйл болох эрсдэлтэй байдаг.

“Удирдлагуудын гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол уулзалтын төгсгөлийг зөв хийхэд анхаардаггүй байдал юм” хэмээн Хойд Каролинагийн Их сургуулийн профессор Стивен Рожелберг хэлж байна. Түүнийхээр бол уулзалтыг зөв дуусгахгүй байснаар хүмүүс ямар шийдвэр гаргасан талаар эргэлзэж, улмаар багагүй бухимдахад хүрдэг аж.

Ихэнх хүн уулзалтын өрөөнөөс хөөгдөх хүртлээ, эсвэл уулзалтын цаг дуусаж, дараагийн уулзалт тулах хүртэл ярьсаар л байдаг. Үүний оронд уулзалт дуусахаас 3-5 минутын өмнө “уулзалтыг хаах процесс”-ыг эхлүүлж, уулзалтаар яригдсан зүйлсийг дүгнэх хэрэгтэй.

Уулзалтыг ахалсан хэнбугай ч бай уулзалтаар юу яригдсан болоод дараагийн хийх зүйлсийн талаар, мөн ямар үүрэг даалгаврыг хэн шууд хариуцахаар болсон зэргийг товч хэлэх хэрэгтэй. Түүнчлэн даалгасан ажлыг дуусгах эцсийн хугацааг нарийн тогтоож, дараагийн ээлжинд ямар алхам хүлээгдэж байгааг хөндөх нь зөв.

Уулзалтын цаг дуусахад хэлэлцээгүй асуудал үлдсэн бол ямар асуудлууд яригдаагүй өнгөрсөн тухай, мөн тэдгээрийг хэзээ хэлэлцэх талаар мэдэгд. Эцэст нь, удирдагчид уулзалтаа цагт нь дуусгаж сурах хэрэгтэйг профессор Рожелберг хэлж байлаа.

Цагтаа багтахгүй сунжирсан уулзалт нь дараагийн уулзалт руугаа яарч, хоцрох вий гэхээс санаа нь зовниж буй хүмүүсийн бухимдлыг өдөөх эрсдэлтэй. Ийм бухимдал нэгэнт үүссэн бол арилахгүй удаж, ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. “Тааруухан уулзалтаас болж ажилтнууд бухимдаж, тэр сөрөг энергиэ бусдадаа халдаагаасай гэж хэн ч хүсэхгүй” хэмээн профессор Рожелберг нэмж хэлсэн юм.

Тиймээс дараагийн удаа уулзалтын төгсгөлд хэн нэгэн нэмж ярих зүйл гаргаж ирвэл эелдгээр татгалзаж, тухайн асуудлаар мэйл бичихийг санал болгоорой.